top banner

“TRY MONGOLIA 2018” нөлөөллийн аялал амжилттай өндөрлөлөө


2018-06-21 17:53:07
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн орчин нөхцөлтэй танилцах, хүндрэл бэрхшээлийг нь сонсох зорилготой “TRY MONGOLIA 2018” нөлөөллийн аялал энэ сарын 11-нээс эхлэн Улаанбаатар-Төв-Дундговь-Өмнөговь аймгийг хамарч, өнөөдөр хаалтаа хийлээ.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны /ХНХЯ/ дэмжлэгээр “Түгээмэл хөгжил“ төвөөс зохион байгуулсан  тус аян “Бие даан амьдрах эрх”-ийн шаардлага үнэ цэнийг таниулах, орон нутагт амьдардаг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн орчин нөхцөлтэй танилцах үндсэн зорилготой. Аяны хүрээнд орон нутгийн Засаг даргын тамгын газар, төрийн бус байгууллагын төлөөлөл, иргэдтэй уулзалт хийж хүртээмжтэй орчин бүрдүүлэхэд уриалах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, бие даан амьдрах арга хэлбэрийг таниулах ажлыг зохион байгуулжээ. Энэ жил Улаанбаатар, Дорнод, Өмнөговь, Орхон, Төв, Баянхонгор, Архангай, Дорноговь аймаг болон Япон улсын төлөөлөгч залуус оролцож буй онцлогтой аж.

ХНХЯ-ны Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн хэлтсийн дарга С.Рэгзэн “ХНХЯ энэ аяллыг 3 дахь удаагаа дэмжиж ажиллаа. Яамны зүгээс орон нутгийн Засаг дарга нарт аяллын гишүүдийг хүлээн авах арга хэмжээ зохион байгуулах чиглэл өгч, санхүү болон бусад шаардлагатай зүйлээр хангасан. Мөн орон нутгийн энэ салбарын байгууллагуудад аялагчид, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нээлттэй, хүртээмжтэй орчин бий болгохын тулд шаардлагатай үйл ажиллагааны талаар зөвлөмж чиглэл өгсөн. Үүний үр дүнд бодлого боловруулагч, шийдвэр гаргагчид цаашдаа ямар чиглэлийн ажил хийх талаар санаа сэдлийг олж, орон нутгийн хэмжээний бодлого хөтөлбөрт тусгаж хэрэгжүүлэхэд нөлөөлөх юм” гэв.



Аяллын зохион байгуулалтын багийн гишүүн Г.Эрдэнэзул “Аяллын үеэр хөдөө орон нутагт амьдардаг хөгжлийн бэрхшээлтэй иргэд өөрийгөө илэрхийлэх чадамж багатай, хаалттай байдал ажиглагдлаа. Жишээлбэл, Өмнөговь аймагт 26 жил гэрээсээ гараагүй саажилттай охины гэрт очсон. Ээж нь түүнийг ямар ч чадамжгүй гээд гаргадаггүй гэсэн ч яриа ойлгож хариу үйлдэл үзүүлж байсан . Эцэг эхчүүд хүүхдээ хөгжлийн бэрхшээлтэй гээд нийгмийн үйл ажиллагаанд оруулахгүй хаагаад байдаг юм шиг санагдсан” хэмээн аялалд хамрагдсан сэтгэгдлээ хуваалцаж байв.

Япон улсын 25 настай хөгжлийн бэрхшээлтэй иргэн Акимори Такахиро “Аяллын хугацаанд орчин нөхцлийн асуудал тулгарсан. Хэдий налуу зам байгаа ч стандартын бус учраас хэрэглэхэд бэрхшээлтэй байлаа. Энэ тал дээр албан байгууллагуудад зөвлөж засварлах талаар ярьсан. Иргэд санал бодлоо илэрхийлэхгүй гэрээсээ гарахгүй байгаа байдал мөн ажиглагдсан” гэлээ.

1980 оноос Азийн улс орнуудад эхэлсэн хөгжлийн бэрхшээлтэй залуучуудын “TRY” гэх эрхийн төлөөх үйл ажиллагаа 2011 оноос манай улсад зохион байгуулагдах болсон байна. Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаагаар 2017 оны байдлаар Монгол улсад 103,6 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг бөгөөд 33 хувь нь хөдөө орон нутагт амьдардаг гэсэн тоо гарчээ.
О.Болорцэцэг

Монгол брэнд