top banner

"Нарийний рашаан" зун хүйтэн, өвөл бүлээн байдаг


2018-06-21 22:46:50
Зураг
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймаг нь тал, хангай, говь хээрийн бүс хослосон гурван бүсийн нутагтай. Тус аймагт эмчилгээний шидээр гайхагдсан рашаан ус цөөнгүй бий.
-Шаргалжуут рашаан сувилал нь байгалийн эмчилгээний хүчин зүйлийн хамгийн том орд болох Шаргалжуутын бүлэг рашааныг түшиглэн байгуулагдсан аялал жуулчлал, сувиллын цогцолбор газар юм. Баянхонгор аймгийн төвөөс 60 гаруй км зайд байрлана. Энэ цогцолборт рашаан эмнэлэг, нөхөн сэргээх эмнэлэг зэрэг эмчилгээ сувилгааны иж бүрэн үйлчилгээтэй эмнэлэг, амрагч сувилуулагчдыг хүлээн авах өвөл зуны байр, эко буудал, зоогийн газар, ресторан, амралт чөлөөт цагийн арга хэмжээ зохион байгуулах спортын талбай, диско клуб, караоке бар, рашаан амралтын талбай, караоке бар, рашаан амралтын талбай, лоунж бар /их гэр/, жуулчны бааз зэрэг байдаг. Шаргалжуут рашаан сувилал нь зуны улиралд нэг ээлжиндээ 445 хүн, хүйтэн сэрүүний улиралд нэг ээлжиндээ 250 хүн хүлээн авч үйлчлэх хүчин чадалтай бөгөөд жилийн дөрвөн улирал тасралтгүй ажилладаг байна.
-Баянхонгорын рашаануудаас хамгийн сонирхолтой нь Гурванбулаг сумын нутагт оршдог Нарийний рашаан юм. Энд жилийн дөрвөн улиралд усанд нь амьдардаг болжмор, оготно, байдаг. Тэр байтугай зарим өвөл ялаа хүртэл амьд өвөлждөг. Яг тэр үедээ энэхүү рашаан ямар ч өвчнийг анагаах увидастай болдог хэмээн нутгийн хүмүүс ярьдаг байна. Нарийны рашаан гурван хошуунаас салаалан урсах бөгөөд толгой, чих, хамар, ходоод, нүд, шүд, бөөрний гэх мэтээр ангилан хэрэглэсээр иржээ. Энэхүү рашааны бас нэг гайхалтай чанар нь зун хүйтэн байдаг атлаа өвөл нь бүлээсдэг аж. Рашаантай холбоотой домог мэт яригддаг сониноос дурдахад, 1964 онд Хөвсгөл аймгийн харъяат нэгэн хэлгүй хүн рашаанаас ууж овоонд нь мөргөж байтал тушаатай морь нь дэгдээд явахад мориныхоо араас уулга алдан хашгиртал хэл орчихсон байсан гэнэ.
-Баянхонгор аймагт Бүрэн хайрхан, Доной, Өлтийн нуураар хүрээлэгдсэн байгалийн үзсэгэлэнт тогтоцтой Өргөөтийн халуун рашаан гэж бий.  Мөн ходоод, чих, хамар, хоолой, бөөр, ядаргаа, үе мөчний өвчнийг анагаадаг Үхэгийн халуун рашаан тус аймгийн Галуут сумын нутагт байдаг байна.
                                                                                                              Б.Мөнхзул

Монгол брэнд