top banner

Боловсролын хууль өөрчлөлт оруулах хуулийн төслийг буцаав


2018-06-22 00:34:35
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдааны төгсгөлд Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Оюундарь танилцуулав. УИХ-ын гишүүн О.Батнасан, Л.Мөнхбаатар, Б.Дэлгэрсайхан нараас 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Хууль зүйн байнгын хороо энэ сарын 20-ны өдрийн хуралдаанаараа хийжээ. Ажлын хэсгээс гаргасан Эрүүгийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд хүлээлгэх ялын бодлогыг хэт сулруулах зохицуулалтыг төслөөс хасаж, тодорхой хязгаарлалтыг тусгах нь зүйтэй гэсэн саналыг хэлэлцэн дэмжсэн аж.
Хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асуух гишүүн байгаагүй тул  хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй хоёр саналын томьёоллоор санал хураалаа. Ингээд Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүлэв.

Мөн хуралдаанаар Багшийн хөгжлийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж энэ талаарх Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Саранчимэг танилцуулсан.
Байнгын хороо энэ сарын 19-ний өдрийн хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцсэн бөгөөд Ажлын хэсэг санал хурааж шийдвэрлэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг хуулийн төслүүдийн холбогдох зүйл, хэсэг, заалтад нэмж тусгаснаас гадна хууль зүйн техникийн талаас нь хянан үзэж, үг хэллэг, найруулгын шинжтэй засвар, өөрчлөлтийг хийсэн зарчмын зөрүүтэй саналуудаа танилцуулж, саналын томьёолол бүрээр санал хураалт явуулсан байна.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд санал хэлж, байр сууриа илэрхийлээд Багшийн хөгжлийн тухай хуулийн төслийн талаар зарчмын зөрүүтэй саналын томьёолол бүрээр санал хураав. Түүнчлэн Багшийн хөгжлийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг төсөл санаачлагчид буцаах нь зүйтэй гэж хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзсэн. Ингээд Багшийн хөгжлийн тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүлснээр өнөөдрийн хуралдаан өндөрлөв. 
Н.Туяа
 

Монгол брэнд