top banner

Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас хэрэгжүүлсэн төслүүдийн талаарх семинар болов


2018-06-22 08:29:21
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (ЭЗХАХБ буюу OECD)-аас хэрэгжүүлсэн болон хэрэгжих төслүүдийн талаарх семинарыг 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Гадаад харилцааны яам, ЭЗХАХБ хамтран зохион байгуулав.  Семинарыг Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, ЭЗХАХБ-ын Евразийн хэлтсийн дарга Виллиам Томсон нар нээж үг хэлэв.
 
Арга хэмжээний үеэр ЭЗХАХБ-аас Монгол Улсад 2016-2018 оны хооронд хэрэгжүүлсэн “Төв Азид өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх төсөл”-ийн тайлан, Монгол Улсын жижиг, дунд үйлдвэрийн санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар судалгаа хийж гаргасан тодорхой зөвлөмжүүд болон мөн энэ оноос эхлэн хэрэгжих “Төв Азид тээврийн холболтыг сайжруулах төсөл”-ийн талаар танилцуулав. Семинарын  үеэр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат хүнс, хөдөө аж ахуйн салбарын талаар илтгэл тавьж, жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, үйл ажиллагааг нь дэмжихэд Монгол Улсын Засгийн газраас авч буй арга хэмжээнүүд болох хууль эрх зүйн орчинг сайжруулах, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, зах зээлийг өргөтгөхөд дэмжлэг үзүүлэх, өрсөлдөх чадварыг сайжруулах чиглэлээр ажиллаж байгаа талаар мэдээллэв.
 
Түүнчлэн Зам, тээрвийн хөгжлийн Дэд сайд Б.Цогтгэрэл Монгол Улсын зам, тээврийн салбарын өнөөгийн байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн талаар илтгэл тавихын сацуу мөн энэ оноос эхлэх ЭЗХАХБ-аас хэрэгжүүлэх “Төв Азид тээврийн холболтыг сайжруулах төсөл”-ийн эхний үе шатны судалгааны ажил эхлэж байгаад талархал илэрхийлэв.
 
Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас хэрэгжүүлсэн болон хэрэгжих төслүүдийн талаарх семинарт  Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Зам, тээврийн хөгжлийн яам, ЭЗХАХБ, Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Монгол Банк, Европын Сэргээн босголт хөгжлийн банк, Далайд гарцгүй хөгжиж орнуудын Олон улсын судалгааны төв, Зээлийн батлан даалтын сан, Монголын банкны холбоо, Монголын гаалийн зөвлөх зуучлагчдын холбоо зэрэг 60 гаруй төрийн болон төрийн бус байгууллагууд, бизнесийн холбоодын төлөөлөл оролцлоо.

Монгол брэнд