top banner

У.Хүрэлсүх: 2020 он гэхэд бид орчин үеийн технологийг нэвтрүүлсэн шинэ боомттой болно


2018-06-22 10:17:34
Зураг
Дорноговь /МОНЦАМЭ/.Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр Сайншандын иргэдтэй уулзсаныхаа дараа зургадугаар сарын 21-ний үдээс хойш Замын-Үүд суманд баригдаж буй бүтээн байуулалтын зарим ажилтай танилцлаа.
 
Логистикийн төвийн барилгыг наймдугаар сард ашиглалтад оруулна

Логистикийн төвийн бүтээн байгуулалтыг Азийн хөгжлийн банкны 40 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл, таван сая долларын буцалтгүй тусламж, Монгол Улсын Засгийн газрын 26 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар 2012 оноос эхлэн зураг төсвийг нь гүйцэтгэж барьж эхэлсэн.
Логистикийн төвийн бүтээн байгуулалтыг олон улсын нээлттэй тендерт шалгарсан БНХАУ-ын 21 дүгээр товчоо гүйцэтгэж буй бөгөөд энэ хугацаанд логистикийн төвийн байгууламж, 3.6 км цэвэр усны шугам, төмөр замын гүүрэн байгууламж, 1.6 км авто зам, 11.5 км төмөр зам, 110 кв цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын өргөтгөл зэрэг ажлыг хийж дуусгажээ.
Мөн шилжүүлэн ачиж буулгах 50 тонны кран, төслийн хүрээнд захиргаа оффисын барилга, гаалийн агуулах, засвар үйлчилгээний төв, жолооч иргэдэд үйлчлэх үйлчилгээний газар, 200 гаруй авто машины зогсоол, ачаа ачих, орох гурван эгнээ зам зэргийг барьж байна.
Логистикийн төвийг ашиглалтад оруулснаар Монгол Улсын импорт, экспортын барааны дамжин өнгөрөх хүчин чадлыг нэмэгдүүлэх, бараа эргэлтийг сайжруулах, бизнес эрхлэгчдийн хөдөлмөр, цаг хугацааг хэмнэх олон боломж бий болно гэж  Бүс нутгийн  ложистикийн төвийн төслийн зохицуулагч Д.Энхбаатар хэллээ.
Чөлөөт бүсийг түр горимоор ажиллуулах хэрэгтэй гэв



Замын-Үүдийн Чөлөөт бүсийн дэд бүтцийг сайжруулах төслийн хүрээнд БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд баригдсан усан хангамж, ариутгах татуурга, дулааны станц, цахилгаан хангамж, авто зам холбоо гэсэн дөрвөн багц ажлын бүтээн байгуулалт хийгдсэн.
Дээрх ажил нийт 58.8 сая ам долларын өртөгтэй бөгөөд 50 сая ам долларыг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээл, 8.8 сая ам долларыг Монгол Улсын Засгийн газраас санхүүжүүлэн, бүтээн байгуулалтын ажлыг БНХАУ-ын “Chine Camc Engineering” компани гүйцэтгэж хүлээлгэн өгчээ. Замын-Үүдийн Чөлөөт бүсэд одоогоор  “Хэв хашмал” ХХК барилгын бетоны дам нуруу, хучилтыг цутгахад хэвийг тэгш байлгаж угсралт задрахаас хамгаалдаг “Тай” төмөр үйлдвэрлэснээс өөр хувийн хэвшлийн бүтээн байгуулалт хийгдээгүй байна.
Аж ахуйн нэгжүүдээс Чөлөөт бүсэд үйлдвэр, үйлчилгээ, зочид буудал зэрэг цөөнгүй салбарт бүтээн байгуулалт өрнүүлж, үйл ажиллагаа явуулахаар 35 аж ахуй нэгж эрх авч төслөө ирүүлсэн ч Чөлөөт бүсийн хоёрдугаар ээлжийн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг гүйцэтгээгүй, зарим хууль эрх зүйн байдлууд тодорхойгүй байгаа тул хувийн хэвшлийнхэн хөрөнгө оруулалтаа түр азнаж, харзнасан байдалтай байгаа аж.
Тиймээс эхний ээлжинд Чөлөөт бүсийг түр горимоор ажиллуулах шаардлага байгааг Замын-Үүдийн Чөлөөт бүсийн захирагч И.Батнасан Ерөнхий сайдад дуулгасан юм. Түр горим гэдэг нь чөлөөт бүсэд бичил хэлбэрээр 2-3 га газрыг сонгож Алтанбулаг чөлөөт бүсийн зарчмаар дэлгүүр хоршоо, үйлчилгээний салбарыг хөгжүүлэх тухай юм. Үүнийг хийхдээ төрөөс хамааралгүйгээр аж ахуй нэгж байгууллагын оролцоотойгоор  зохион байгуулж болно гэв.
Тиймээс Чөлөөт бүсийг түр горимоор ажиллуулах тухай Засгийн газрын тогтоол гаргуулах, холбогдох төрийн байгууллагад үүрэг чиглэл өгөх, түр горимоор нээхэд хууль эрх зүйн байдлыг хангаж ажиллах, БХБЯ-ны харьяанд байгуулагдсан Замын-Үүдийн дэд бүтцийг сайжруулах төслийн ашиглалтын өмнөх захиргааны үйл ажиллагааг жигдрүүлэх, эрчимжүүлэх чиглэлээр харьяа яаманд чиглэл өгөх, Чөлөөт бүсийг түр горимоор нээх үйл ажиллагаанд зарцуулагдах төсөв, хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэх шаардлагатай байгаа гэлээ.
Ерөнхий сайд хариуд нь, Энэ асуудлыг би сайн ойлгож байна. Чөлөөт бүсийг байгуулж ашиглалт оруулах нь Засгийн газрын томоохон зорилт.  Үр өгөөжөө  өгөх чухал ч төсөл. Энэ асуудлаар олон жилийн турш ярьж дэд бүтцийн бүтээн байгуулалтад асар их хөрөнгө  зарцуулсан. Тулгарч буй асуудлаа тодорхойлж цаг алдалгүй Засгийн  газрын хуралдаанаар оруулж  шийдвэрлүүлэх хэрэгтэй  гэв. 
Замын-Үүдэд  15 МВт-ын хүчин чадалтай нарны станц ашиглалтад оров



Ерөнхий сайд У.Хүрэлсүх Замын-Үүд суманд 15 МВт-ын хүчин чадалтай нарны  цахилгааны станцын нээлтийн ёслолын ажиллагаанд оролцлоо.“Замын-Үүд Гэгээн” нарны цахилгаан станц ашиглалтад орсноор жилдээ 28 мянга орчим айлын хэрэглээтэй тэнцэхүйц цахилгааныг үйлдвэрлэх ба ингэхдээ эрчим хүчний үйлдвэрлэлээс үүсэх 800 гаруй мянган тонн хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулж, 27 мянга гаруй тонн түүхий нүүрс, 202 мянган тонн цэвэр усны хэрэглээг хэмнэх үр ашигтай юм.
Тус нарны цахилгаан станцыг Япон Улсын “Шарп корпорац”-ийн орчин үеийн дэвшилтэт технологи бүхий нарны дэлгэц, ХБНГУ-ын дэлхийд тэргүүлэгч “SMA” фирмийн инвертер зэргийг ашиглан, жилдээ 28.6 сая кВт.ц цэвэр эрчим хүчийг Монгол Улсын төвийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд нийлүүлэх юм байна. Тус төслийн хөрөнгө оруулагчдаар Японы “Шигэмицү Шожи” групп, “Шарп” корпораци, Монгол Улсын “Эрчим Тээг” компани, төсөл хэрэгжүүлэгчээр “Наран тээг” компани,  төслийн ерөнхий гүйцэтгэгчээр “М-Си-Эс Интернэйшнл ХХК” болон “Шарп корпорац”-ийн хамтарсан консорциум  ажиллажээ.
Дэлхий нийтийн чиг хандлага бол байгаль орчинд сөрөг нөлөөлөлгүй,нүүрснээс гарч буй хүлэмжийн хийг бууруулахад тодорхой хувь нэмрээ оруулах эрчим хүчний эх үүсвэрийг ашиглах нь чухал зорилт болж байна.
Эрчим хүчний салбарт шинэ технологийг ашиглах, шинэ станцыг байгуулах, агаар орчинд сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй байдлаар ажиллах нь манай улсын ч тэргүүлэх зорилт. Өөрөөр хэлбэл нар салхины эх үүсвэрийг ашиглаж сэргээгдэх эрчим хүч гарган авах зорилгын нэг жишээ нь энэхүү нарны салхин станц  гэж Эрчим хүчний сайд Ч.Даваасүрэн ярьсан. "Дорноговь аймаг уул уурхайн томоохон төслөө явуулахын тулд эрчим хүчний ихээхэн нөөцтэй байх шаардлагатай. Нарны  станц ашиглалтад орсноор манайхаас түгээж байгаа эрчим хүч төвийн эрчим хүчний сүлжээнд орж эрчим хүч дутагдалтай байгаа газруудад хуваарилснаар эрчим хүчний эх үүсвэрийг хангах, эрчим хүчний доголдлыг шийдэхэд ач холбогдолтой" гэж  “Наран тээг” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Ганзоригт онцлов. Тус нарны цахилгаан станц жилдээ 30-32 сая киловатт цаг эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд орон нутгаас 10 гаруй хүнийг ажлын байраар хангажээ.
Жолооч нарын санал хүсэлтийг сонсож шийдвэрлэхээр болов



Ерөнхий сайдын  Замын-Үүдийн иргэдтэй уулзах уулзалтын нэг чухал сэдэв нь Замын-Үүд боомтоор хүн болон ачаа бараа тээвэрлэдэг "Уаз 469" машины жолооч нартай холбоотой асуудал байлаа. Эрээний талаас 2017 онд Замын-Үүд боомтоор нэвтэрч буй  “УАЗ-469” машинууд техникийн шаардлага хангахгүй, ачаа, хүн тээврийн норм зөрчсөн, насжилт ихтэй, өнгө үзэмж муутай байгааг манай талд сануулж Эрээний замын хөдөлгөөний дүрэмд нийцүүлж зөрчил гаргасан жолоочийг онооны системээр дүгнэх шаардлага тавьсан байдаг.
Цаашлаад Хятадын талаас сандлын арын багаажинд өргөн хэрэглээний бараа ачуулахгүй, зөвхөн гар тээш ачих шаардлага тавьсан нь жолооч нарыг жагсаал цуглаан хийх, эсэргүүцэл үзүүлэх хэмжээнд хүргэсэн юм. Уулзалтын үеэр жолооч нар тулгараад буй  асуудлаар санал хүсэлтээ  хэлж, Ерөнхий сайдад хаягласан албан бичгийг гардуулсан.
Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ ”Би энэ салбарт олон жил ажиллаж тээврийн салбарын зохицуулалтыг тухаа бүрт нь хийж ирсэн. “ УАЗ-469” машин Эрээн-Замын-Үүдийн хооронд явж тээвэр хийсэн түүхийг та бүхэн мэдэж байгаа. Анх хоёр улсын хооронд тээврийн харилцаа нэвтрэхэд бид “УАЗ-469” машиныг  үйлчилгээнд явуулсан. Монгол Улсын болон Замын-Үүдийнхний амьдралд  их  ч тус болсон. Ямархуу байдалтай байсныг ч та бүхэн мэдэж байгаа. Урдаа, хойноо, хажуудаа, доогуураа, дотроо дүүртэл ачаад хилээр нэвтэрдэг үе  саяхныг хүртэл байсан. Бид үүнийгээ больсон. Та нар ч зөвшөөрсөн. Одоо дараагийн шатны шинэчлэлээ хийх цаг нь болсон. Машин дотроо суудлуудаа буцаагаад тавих хэрэгтэй. Зөвхөн сандлын арын багааж дотроо ачья. Үүнийг зөвшөөрье. Цаашлаад ачааны машин явах боломж юу байгаа, та нар ямар саналтай байгааг хамтдаа ярилцья.
Та бүхэн  саналаа өг. Бид Хятадын талтай  ярилцья. Урд хөрш ямархуу байдлаар хөгжиж байгаа та бүхэн мэдэж байгаа. Эдийн засгийн үзүүлэлтээрээ  дэлхийд тэргүүлж байна. Бид урд хөрштэйгөө хөл нийлүүлж алхаж бизнесээ хийх хэрэгтэй” гэв.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Замын-Үүд бол манай улсын үүд хаалга. Энэ бүс нутгийг хөгжүүлэхэд Засгийн газраас онцгой  анхаарч байна. Замын-Үүд, Өмнөговийн Гашуун сухайтын боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх чиглэлээр Засгийн газраас төсөл хэрэгжүүлж байгаа. 2020 он гэхэд бид орчин үеийн технологийг нэвтрүүлсэн шинэ боомттой болно. Гадныхан Замын-Үүдээр ирээд л Монголын соёлтой танилцдаг. Нөгөө нэг зүйл нь  Замын-Үүдийн жолооч нартай холбоотой асуудал.  Жолооч нарын санал хүсэлттэй холбоотой асуудлаар Ажлын хэсэг байгуулж ажиллахыг Зам тээвэр, хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэд даалгаж байна. Ирэх нэгдэхээс эхлээд Ажлын хэсэг гарч энэ бүгдийг судалж ажиллах болно. Асуудлыг бид шийдвэрлэх ёстой. Харин нэг зүйлийг сануулахад улсынхаа дархан хил дээр танхайрч болохгүй. Энэ бол улсын онцгой обьект. Хүн тэнгэрийн дор төрж хуулийн дор амьдрах ёстой. Хэрэв хилийн бүсэд хууль зөрчиж танхайрсан бол зохих ёсн хариуцлагыг ногдуулах ёстой. Улсынхаа хууль дүрмийг сахиж үлгэр жишээ болж амьдрах хүмүүс нь жолооч та нар. Үүнээс хойш хилийн бүсэд зөрчил дутагдал гаргаж болохгүй гэснээр Ерөнхий сайдын уулзалт өндөрлөв. 
Х.Эрдэнэбулган

Монгол брэнд