top banner

Байнгын хороо Тавантолгойн 30 хувийг эдийн засгийн эргэлтэд оруулахыг дэмжив


2018-06-22 14:00:06
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх” тухай  тогтоолын төслийг хэлэлцлээ.

Тогтоолын төсөлд “Эрдэнэс-Тавантолгой” компанийн хувьцааны 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын хөрөнгийн биржээр үе шаттайгаар арилжаалан Тавантолгойн ордын үнэ цэнийг өсгөх зохицуулалтыг тусгажээ. Мөн тус ордын хөрөнгө оруулалт, борлуулалтын нөхцлийн талаар хөрш орнуудтай хэлэлцээ хийх, Өмнөд бүсийн уул уурхайн төслүүдийн эрчим хүчний хэрэгцээг хангах цахилгаан станцыг Тавантолгойн ордыг түшиглэн барих асуудлыг эцэслэн шийдвэрлэх талаар шаардлагатай арга хэмжээ авч ажиллах зэрэг асуудал тусгажээ. Түүнчлэн Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Оюутолгой-Ханги, Тавантолгой-Барууннаран чиглэлийн авто замын төгсгөлөөс Цагаандэл уул чиглэлд тусгай зориулалтын авто зам барих болон Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам зэрэг төслийг эхлүүлэх зэргийг тусгасныг УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар танилцууллаа. Тогтоол баталснаар Тавантолгойн орд газрыг хөгжүүлэх талаар баримтлах бодлого, эрх зүйн орчин тодорхой болох бөгөөд эдийн засгийн үр өгөөж нэмэгдэж, иргэдийн хувьцааны ханш өсөх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, олон улсын зах зээлд борлуулах боломж бүрдэнэ хэмээн Засгийн газар үзэж байгаа аж.

Хэлэлцүүлгийн үеэр Д.Эрдэнэбат гишүүн тогтоолын төслийг яаралтай хэлэлцэх болсон шалтгааныг тодрууллаа. Засгийн газраас тогтоолын төслийг яаралтай дэгээр өргөн барьсан бөгөөд хаврын чуулганы хугацаа дуусах дөхөж байгаа тул өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх шаардлагатайг байнгын хорооны дарга Д.Дамба-Очир тайлбарлав.

Мөн үеэр Л.Энх-Амгалан гишүүн 30 хувийн нэгж хувьцааны үнийг хэрхэн тооцож байгааг тодруулав. Одоогоор иргэдийн гар дээр байгаа нэгж хувьцаа 933 төгрөг бөгөөд гадаад, додоотын зах зээлд гаргах хувьцааг энэ үнэээс дээгүүр байлгах бодлого, төвлөвлөгөө боловсруулж байгааг Д.Сумъяабазар сайд хэллээ.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, “Эрдэнэс -Тавантолгой” компани ашигтай ажиллаж байгаа. Энэ компанийн тодорхой хувийг эргэлтэд оруулснаар одоо байгаагаасаа илүү ашигтай ажиллана гэсэн тооцоо, судалгаа бий юу. Газрын доорх баялаг ард түмний өмч гэж Үндсэн хуульд заасан. Гэтэл энэ компанийн тодорхой хувийг гадаадын зах зээлд борлуулснаар Үндсэн хуулиа зөрчих юм биш үү” хэмээв.
УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, “Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ өндөр байгаа энэ үед  эдийн засгаа сэргээж, ажлын байр нэмэгдүүлэх хэрэгтэй. Тавантолгойг улстөржүүлэхгүйгээр ажиллуулах ёстой. Нэн тэргүүнд дотоодын хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаална” гэлээ.

Ийнхүү санал хураалт явуулахад байнгын хорооны гишүүдийн 90 хувь тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Т.Чимгээ

Монгол брэнд