top banner

УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авлаа


2018-06-22 16:04:41
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын 45 дугаар тогтоол буюу Д.Муратын гишүүний бүрэн эрхийг нь түлгэлзүүлэхээс татгалзах шийдвэрт тавьсан хоригийг хэлэлцэж, хүлээж авлаа.

УЕП-оос Д.Мурат гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай санал ирүүлснийг УИХ энэ сарын 08-нд хэлэлцэж, хүлээж авахаас татгалзах тогтоол баталсан. Уг тогтоолд Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 13-нд хориг тавьсан юм. УИХ-аас Д.Мурат гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхээс татгалзсан нь төрийн эрх барих дээд байгууллагын нэр хүнд, үнэлэмжийг үгүй хийсэн, хүлээн зөвшөөрөх боломжгүй шийдвэр болсон гэдгийг Ерөнхийлөгчийн хоригт дурьджээ. Мөн УИХ-ын гишүүн Д.Муратын гэм буруутай эсэхийг шүүхээр эцэслэн шийдвэрлүүлэхэд бүрэн эрх нь саад учруулна гэж үзэж байгаа Прокурорын байгууллагын саналыг УИХ дахин хэлэлцэж, хариуцлагатайгаар шийдвэрлэх шаардлагатайг онцолсон байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуух, үг хэлэх гишүүн байсангүй. Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 79.5 хувь Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зөв хэмээн үзлээ.

Мөн чуулганаар Д.Гантулга гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх талаарх УИХ-ын 47 дугаар тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх шаардлагагүй хэмээн үзэв. Учир нь Д.Гантулга УИХ-ын гишүүнээс татгалзах өргөдлөө энэ сарын 11-нд гаргасныг чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэн шийдвэрлэсэн юм.
Ч.Ариунболд

Монгол брэнд