top banner

Парламентын болон ерөнхийлөгчийн сонгууль болно


2018-06-22 16:33:20
Зураг
АНКАРА. /ТАСС/. Туркийн 18-аас дээш насны иргэд 2018 оны зургадугаар сарын 24-нд Үндэсний Их Хурлын болон Ерөнхийлөгчийн сонгуульд оролцоно. Тус улсын хувьд энэ нь түүхэн сонгууль болох төлөвтэй байна. Учир нь уг сонгуулийн дараа Турк улсад Мустафа Кемаль Ататюркийн үндэс суурийг тавьсан бүгд найрамдах улсын тогтолцоо өөрчлөгдөж, парламентын засаглалаас ерөнхийлөгчийн засаглалын хэлбэрт шилжих юм гэж ТАСС агентлаг мэдээлэв.
 
Анхандаа Туркт парламентын болон ерөнхийлөгчийн сонгуулийг 2019 оны 11 дүгээр сард явуулахаар товлож байсан хэдий ч Үндсэрхэг хөдөлгөөний намын тэргүүн Девлет Бахчели сонгуулийг хугацаанаас нь өмнө 2018 оны наймдугаар сарын 26-нд явуулах санал дэвшүүлсэн байна. Д.Бахчелийг тус улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган хүлээн авч уулзаж, яриа хэлэлцээ хийсний дүнд парламентын болон ерөнхийлөгчийн сонгуулийг зургадугаар сарын 24-нд явуулах товыг албан ёсоор зарласан юм.
 
Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард явуулсан бүх ард түмний санал асуулгаар Туркийн иргэд сонгуулийн дараа хүчин төгөлдөр болж, улс орны улс төрийн тогтолцоог эрс өөрчлөх нэмэлт өөрчлөлтийг үндсэн хуульд оруулахыг дэмжсэн билээ.
 
Тус улсын ирээдүйн ерөнхийлөгчийн бүрэн эрх ихээхэн өргөжиж, төрийн болон засгийн газрын тэргүүний үүргийг хавсран гүйцэтгэх, сайд нар хийгээд дэд ерөнхийлөгчийг томилох, огцруулах эрхтэй болох юм байна.
 
Лу.Батбаяр


Монгол брэнд