top banner

Англичууд Панамын шигшээг 6:1-ээр илүүрхэн хожиж 6 оноотой болов


2018-06-24 22:26:10
Зураг

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөлбөмбөгийн 2018 оны ДАШТ-ий G хэсгийн Англи, Панамын тоглолт өнөөдөр Доод Новгород хотноо Улаанбаатарын цагаар 20 цагаас эхэлж, англичууд 6:1-ээр Панамыг хожсоноор 2 хожилтой 6 оноотой хэсгээ Бельгийн хамт тэргүүлэх болов.

Өнөөдрийн тоглолтод Английн Жон Стоунз 8 болон 40 минутад, Жесси Лингард 36 дахь минутад Панамын хаалганд гоол оруулсан бол багийн ахлагч, довтлогч Харри Кейн 22 дахь минут болон 45+1 минутад торгуулийн цохилтоор, мөн 62 дахь минутад тус тус гоол /Хет-трик/ хийж энэ тоглолтын од болсон төдийгүй нийт таван гоол хийсэн амжилтаар энэ ДАШТ-ийг ганцаараа тэргүүлж эхэллээ.

Харин Панамын 37 настай ахмад тамирчин
Фелипе Балой 78 дахь минутад энэ улсын шигшээ багийн дэлхийн аваргын түүхэн дэх цорын ганц гоолыг оруулсан юм.

Энэ
хотын 45 мянган хүний багтаамжтай  “Нижний Новгород” цэнгэлдэх хүрээлэнд нийт зургаан тоглолт болохоос гурван тоглолт болжээ. ДАШТ-ий 1966 оны “Алтан цом”-ын эзэн болж байсан Английн шигшээ баг дөрвөн жилийн өмнө Бразилд болсон 20 дахь удаагийн ДАШТ-д хэсгээсээ гарч чадаагүй. Харин энэ удаа Панам, Бельги, Тунисын багтай нэг хэсэгт багтсан. Эхний тоглолтод Тунисын шигшээг 2:1-ээр хожсон англичууд өнөөдөр Панамын шигшээ багийг илүүрхэн хожиж хэсгээ Белгийн хамт тэргүүлж эхэллээ.
 

Д.Өлзий


Монгол брэнд