top banner

Туркийг дэлхийн үлгэр жишээ улс болгоно гэж амлажээ


2018-06-25 10:23:38
Зураг
АНКАРА. /РИА Новости/. Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган хугацаанаас нь өмнө явуулсан ерөнхийлөгчийн сонгуульд итгэл төгс ялалт байгуулсныхаа дараа дэмжигчдийнхээ цуглаан дээр үг хэлэхдээ улс орноо дэлхийн үлгэр жишээ орон болгохоо амлажээ.

“Ямар намд санал өгснөөс үл хамааран сонгуульд оролцож, үүргээ биелүүлсэн иргэн бүрт би талархал илэрхийлж байна. Бүх нэр дэвшигч болон тэдэнд тусалж дэмжсэн хүмүүст баярлалаа. Бид ард түмнээсээ захиа даалгавар авсан бөгөөд дутагдалтай талуудаа ойрын хугацаанд засч залруулах болно. Ерөнхийлөгчийн засаглалд шилжих бидний бэлтгэл ажил бүрэн хангагдах дөхөөд байна.  Бид өдөр шөнөгүй ажиллаж, хүлээсэн бүх үүргээ биелүүлж, дэлхийн үлгэр жишээ болно” гэж Т.Эрдоган хэлсэн байна.

Саналын хуудсуудын 99%-ийг боловсруулсан дүнгээр Т.Эрдоган сонгогчдын 52,6%-ийн санал авч, ерөнхийлөгчийн сонгуулийн нэгдүгээр шатанд ялалт байгуулсан юм.  Түүний гол өрсөлдөгч болон сөрөг хүчний Ардын бүгд найрамдах намаас нэр дэвшигч Мухаррема Инже 30,7%, курдуудын талыг баримтлагч "Ард түмнүүд ардчилал нам"-аас нэр дэвшигч Селахаттин Демирташ 8,4%, "Сайн нам"-аас нэр дэвшигч Мераль Акшенер 7,3%-ийн санал авсан юм.
 
Саналын хуудсуудын 98 хувийг болосвруулсны дараах байдлаар тус улсын парламентын сонгуульд эрх баригч "Шударга ёс, хөгжлийн нам" 42,4%, "Үндэсний хөдөлгөөний нам" 11,1%-ийн санал авснаар тэднийг нэгтгэдэг "Ард түмний эвсэл" 53,5%-ийн авч, парламентад олонхи болж байна.

Харин сөрөг хүчний Ардын  бүгд найрамдах нам 22,7%, Сайн нам 10,0%, Аз жаргалын нам 1,4%-ийн санал авснаар тэднийг нэгтгэдэг “Үндэсний эвсэл” 34,1%-ийн санал авсан байна.  
Э.Аянзаяа 

Монгол брэнд