top banner

МАА-н салбарт технологийн шинэчлэл хийснээр эрүүл махан бүтээгдэхүүн экспортод гаргана


2018-06-25 12:17:13
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. МАА-н салбарт шинэ, тэргүүний дэвшилтэт техник технологи нэвтрүүлэх нь эрчимжсэн МАА-г хөгжүүлэх нэг чухал хөшүүрэг болно гэдгийг өнөөдөр болсон “МАА-н технологийн шинэчлэл-IoT Монгол-2018” сэдэвт олон улсын бага хурлаар хөндлөө.
Сүүлийн жилүүдэд манай улс малын  тооноос илүү чанарт анхаарч эрчимжсэн МАА-г хөгжүүлэх талаар төр, засаг, малчид ярьж, энэ талаар санал санаачилга гарган ажиллаж байгаагийн нэг жишээ нь өнөөдөр болж байгаа “МАА-н салбарт технологийн шинэчлэл хийх нь” сэдэвт олон улсын бага хурал юм.
ХХААХҮЯ-ны оролцоотой зохион байгуулж буй энэхүү хуралд Монгол-Америкийн хамтарсан “Жарвис Монгол”, БНХАУ-ын “Huawei”, Монголын “Аригү Гроү” зэрэг гадаад, дотоодын компани, ААН-үүд оролцож байна. МАА-н салбарт технологийн шинэчлэл хийх нь нэг талаар Монгол Улс мал, махаа боловсруулж эрүүл мах, махан бүтээгдэхүүн экспортод гаргахтай холбоотой. Учир нь мал, махаа экспортлох нь олон улсын стандартад нийцсэн байх эдийн засгийн хэрэгцээнээс урган гарч буй хамгийн наад захын шаардлага юм. Энэ дагуу Засгийн газрын тогтоолоор экспортын чиглэлийн эрчимжсэн аж ахуйд суурилсан малын эрүүл бүсүүдэд малд цахим чип суулгах, БНХАУ-ын “Aotoso” компанийн NB-IoT технологид суурилсан үхрийн аж ахуй болон “Huawei” компанийн ухаалаг системүүдийг нэвтрүүлэх үйл ажиллагааг эхлүүлж байна.


Тухайлбал, Монгол-Америкийн хамтарсан “Жарвис Монгол” “МАА-н технологийн шинэчлэл-IoT Монгол-2018” төслийн хүрээнд БНХАУ-ын “Huawei” компанитай хамтран малд биеийн хэм, хөдөлгөөн, байршлыг тогтоож хянах цахим бичил чип суулгаж байна. Энэ нь манай улсад малын бэлчээр ашиглалт болон малын хариулга маллагаанд шинэ арга туршлага болж байна.
Хуралд оролцогсод нь “Эрүүл мал аж ахуй хөгжүүлэхэд эрчимжсэн МАА хэрэгтэй, эрчимжсэн МАА-г хөгжүүлэхэд техник технологийн шинэчлэл шаардлагатай" хэмээн онцлов.  “МАА-н технологийн шинэчлэл-IoT Монгол-2018” төслийг дүгнэн хэлэхэд малын эрүүл бүсэд эхний ээлжинд технологийн шинэчлэл нэвтрүүлснээр бэлчээрийн даац, ашиглалтыг мэдэх, цаашлаад малын тэжээл ургамлын байдлыг тандах байдлаар мал эмнэлгийн хяналтын тогтолцоо бий болж, мэдээллийн сан бүрдэх зэргээр Монгол малыг зах зээлийг эргэлтэд оруулах, цаашлаад малчдын орлогыг нэмэх, орон нутагт ажлын байр бий болох, малчид, тэдний хоршоолол, нөхөрлөлүүд фермерийн аж ахуйн хэлбэрт шилжих, малчдыг бизнес сэтгэлгээнд сургах талаар төр, засгийн зүгээс тавьж буй зорилтуудыг хэрэгжүүлж буй нэг үе шат болох юм гэдгийг ХХААХҮЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Т.Гантогтох хэлж байна.
Б.Болд

Монгол брэнд