top banner

Ц.Ганболд: Эмэгтэй хөлбөмбөгийн багийг амжилт гаргахад бүхнээ зориулж ажиллана


2018-06-25 13:26:48
Зураг
Хөлбөмбөгийн 21 дэх удаагийн буюу 2018 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ОХУ-ын 11 хотын 12 цэнгэлдэх хүрээлэнд болж, монголчууд энэ өдрүүдэд хөлбөмбөгөөр амьсгалж, хаана л бол хаана хөлбөмбөгийн тухай яриа өрнөж байна. Дэлхийн хөлбөмбөгийн хамгийн том баяр болж буй энэ үеэр Монголын хөлбөмбөгийн холбооны эмэгтэй багийн дасгалжуулагч Ц.Ганболдтой уулзаж манай хөлбөмбөгчин охидын амжилт ололт, дасгалжуулагчийн ажил үйлсийн талаар ярилцсанаа та бүхэнд толилуулж байна.

-Анх яагаад хөлбөмбөгийн спортоор хичээллэх болов?

-Би 1976 онд хуучнаар нийслэлийн Найрамдалын район одоогийн БЗД-ийн 53-р сургуульд 6-р ангид сурдаг байлаа. Хөлбөмбөгийн секцэнд хүүхдүүдийг бүртгэж байна гэсэн зарын дагуу сургуулийнхаа хэдэн найз нартай хамт очиж бүртгүүлж байлаа. Тэгээд л Алдарын цэрэг-хөлбөмбөгчин ах нарын бөмбөгийг зөөж гүйж эргэлт буцалтгүй энэ спортоор хичээллэх болсон. Тэгээд Алдар нийгэмлэгт орж өнөөдрийн Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Л.Сандагдорж багшийнхаа шавь болж хөлбөмбөгчин болох гараагаа эхэлсэн дээ.

-Анхны тэмцээн, бэлтгэл, сургуулилтынхаа  дурсамжаас хуваалцаач?

-Тухайн үед Л.Сандагдорж багш  14, 21, 33, 53-р сургуулиудаас  хүүхдүүдийг шилж авахад нь энэ шигшээ багийн бүрэлдэхүүнд багтсан. 1977 онд анх Арьс ширний үйлдвэрийн нэрэмжит тэмцээний өсвөр үеийн ангилалд орж аваргын төлөө 52-р сургуультай өрсөлдөж хожигдоод анхны мөнгөн медалиа авч байлаа. Тэр анхны медалиа хүртсэн хүүхэд насны хамгийн сайхан дурсамж юм даа. 1979 онд Монголд анх удаа залуучуудын УАШТ болсон. Энэ тэмцээнд 10 гаруй баг оролцсон. Тэр үед би Алдар нийгэмлэгийн багт цэргүүдтэй бэлтгэлд хамт гарч байсан. Тэнд арван жилийн 3 хүүхэд байсан нь одоогийн футзалын шигшээ багийн ахлах дасгалжуулагч С.Эрдэнэ-Очир / Тоогий /,  Д.Бат-Эрдэнэ / Моёо / бид гурав байлаа. Тэр үеийн манай багийн ах нар Гөөтий /Төрбат/, Отгонжаргал, Баатарцогт гээд шижигнэсэн залуучууд байлаа. Бид гурав ах нараа дагаад зунжин Хандгайтын Алдар нийгэмлэгийн бэлтгэлийн баазад майханд, Монгол Улсын анхны гавьяат дасгалжуулагч Л.Сандагдорж багшийнхаа удирдлага дор бэлтгэл сургууль хийж байлаа. Энэ бэлтгэлийн үр дүнд манай баг хүрэл медаль хүртсэн. Манай багт одоогийн ХУД-ийн БТСХ-ны дарга Жаргалсайхан, ЦНДС-ийн сонсогч ганган ах байлаа. Манай багийн ахлагчаар спортын мастер, хөлбөмбөгчдийн дунд “ХАР” хочтой Гөөтий ах маань байлаа. Бидний бахархал, маш гоё уран тоглолттой, техник гэж тасархай хүн дээ. Энэ жил бид нар ярилцаж байгаад 1979 оны багаа цуглуулж тоглолт хийнэ. Одоо багийн ахлагч болон Тоогийтойгоо, өвгөн багшийнхаа удирдлага дор  хамт тоглоно гэхээр сайхан байна.


-Энэ өдрүүдэд ДАШТ болж байна, аль багийг дэмжиж байна.Тухайн үед хөлбөмбөгийн шүтэн биширдэг орос ах нар байсан л биз?

-Байлгүй яахав. Зурагтаар дандаа Оросын спортын нэвтрүүлэг л гаргадаг байлаа. Орос  хөлбөмбөгчдийг их шүтэн биширнэ. Александр Чивадзе, Ринат Дасаев тэр үеийн ОХУ-ын хөлбөмбөгчдийг шүтдэг, дууриадаг байв. Би хамгаалагч болохоор энэ шилдэг хөлбөмбөгчид шиг яаж болох вэ гэж бодно шүү дээ. Өнөө үед заалны хөлбөмбөг /футзал/ их хөгжсөн байна. Бидний үед өвөл болохоор хоккейгоо тоглоод зун болохоор хөлбөмбөгөө тоглодог байсан маань маш сайн бэлтгэл болдог байж. Би хоккей тоглохдоо хаалгач хийдэг байв. Сайн хөлбөмбөгчин болоход хоккейн спорт их нөлөөлсөн гэж боддог. Би одоо ч орос ах нараа дэмжиж байгаа. Энэ ДАШТ-ий хувьд Оросуудаа бас Португалын шигшээг дэмжиж байгаа. 

-Алдар нийгэмлэгийн тамирчин болсон талаараа дурсана уу?

-Би 1980 онд 10-р ангиа төгсөөд Политехникийн дээд сургуулийн уул уурхайн инженерийн анги авсан. Хамгийн гол нь тухайн үед сурахаасаа илүү хөлбөмбөг тоглох сонирхолтой болчихоод байсан үе. Тэгээд сургуулиа төгсөөд гэрийнхэндээ ч хэлэлгүй цэрэгт яваад Налайхад 344-р ангид очоод 10-аад хонож байсан чинь Л.Сандагдорж багш өөрөө ирж авсан. Ингээд л Алдар нийгэмлэгийн тамирчин болж байв. Цэргийн 3 жилийнхээ албаа Алдарт хаасан. Халагдаад СБД-ийн улсын хэвлэлийн үйлдвэрт ажилчнаар орсон. Тэгээд л Сүхбаатар дүүргийн тамирчин болсон. Тэр үед албан байгууллага, дүүрэг /район/ дүүргээрээ л өрсөлддөг. Энд би Монгол улсын зууны манлай дасгалжуулагч Г.Сумъяа багшийн гар дээр очиж 1990 он хүртэл тасралтгүй тоглосон доо.

-Харин одоо бол өөрөө дасгалжуулагч болоод тамирчин бэлтгэхэд ямар байна?

-Тамирчин байж байгаад дасгалжуулагч болохоор нэг талын амар дөхөмтэй юм шиг. Нөгөө талаасаа дасгалжуулагчийн ажил маш хүнд ажил байдаг юм байна. Дасгалжуулагч хүн тэр тусмаа охидыг дасгалжуулна гэдэг бас л онцлогтой ажил болохыг мэдэрч хичээн ажиллаж байна. Гэхдээ яахав өөрөө хамгийн гол нь өөрөө тамирчин байсан болохоор хөлбөмбөгдөө дуртай болохоор аливаа асуудалд зөв шийдвэр гаргаж, тамирчныхаа сэтгэл зүйг мэдэрч байхыг эрхэмлэдэг. Миний нэг том зорилго нь монголын эмэгтэй шигшээ багийн анхны түүхийг бичилцээд үндэсний шигшээ /16, 19 насны/ багийнхаа эх суурийг зөв тавихыг хичээж явна. Зорилго, төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхийн төлөө бүхнээ зориулан ажиллаж байна даа.


-Монголчууд эмэгтэй спортын төрлөөр жүдо, чөлөөт бөх, боксоос эхээд одоо бүр багийн спортыг эрчимтэй хөгжүүлэх болсон. Сүүлийн жилүүдэд эмэгтэй хөлбөмбөгийг хөгжүүлж эхэллээ. Эмэгтэй хүүхдүүдийг дасгалжуулна гэдэг бас л онцлогтой байх шүү?

-Манай хөлбөмбөгийн холбоо дасгалжуулагч нарын дотоодын сургалтаас гадна Азийн хөлбөмбөгийн холбоо /AFC/-ны C, B, A гэсэн гадаа талбайн хөлбөмбөгийн 3 ангиллаар багш дасгалжуулагч бэлтгэдэг. Монголд бол C, B сургалтууд явагддаг. Монголд анх удаа саяхан А ангиллынх зохион байгуулагдсан. Эдгээрээс гадна Про ангилал гэж байгаа. Про сургалт нь мэргэшсэн сургагч багш бэлтгэдэг. Монголд E сургалт хамгийн анх зохион байгуулагдаад 24 дасгалжуулагч Е зэрэглэлтэй болсон. Монголын хөлбөмбөгийн холбоо санал болгосноор энэ 24 дасгалжуулагчаа А зэрэглэлтэй болгохоор сургалт зохион байгуулсан. Үндэсний шигшээ багийг дасгалжуулахад A зэрэглэл шаардлагатай учраас өнгөрсөн жилийн 10 дугаар сард болон энэ дөрөвдүгээр сард бид AFC-гийн сарын сургалтанд хамрагдаж төгссөн. Маш үр өгөөжтэй болсон. Удахгүй хариу нь ирэх байх. А зэрэглэлтэй болсон дасгалжуулагчид нь үндэсний “Мазаалай дээд лиг”-ийн багуудаа дасгалжуулах юм.

-Монголд эмэгтэй хөлбөмбөг хөгжиж байгаа түүхийг сөхвөл?

-Анх 2002 оноос Монголд эмэгтэй хөлбөмбөг хөгжиж эхэлсэн. Анх нийслэлийн 57 дугаар сургуулийн биеийн тамирын багш Болд гэж залуу өөрийн сургууль дээр охидод хөлбөмбөг тоглуулаад нэг баг гаргаад анхны хөлбөмбөгийн эмэгтэй багийг бүрдүүлсэн түүхтэй. Харин тухайн үед өрсөлдөх баг байгаагүй, энэ хүн эмэгтэй хөлбөмбөгийг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан даа.  Түүнээс хойш 16 жил өнгөрсөн байна. Харин хамгийн анхны эмэгтэй хөлбөмбөгийн тэмцээн 2006 оноос мини /тал/ талбайд болж байлаа. Одоогийн МХБХ-ны ерөнхийлөгч А.Ганбаатар санаачлаад 2015 онд бүтэн талбай дээр анхны лиг буюу УАШТ-ийг зохион байгуулсан. Энэ тэмцээнд 10 баг оролцож тойргийн журмаар тоглож аваргаа шалгаруулсан. Анхны лигийн аваргыг “Хад” клуб, хоёрдугаар байрт миний дасгалжуулдаг “Монголын тэмүүлэл” клуб шалгарч байсан. МХБХ-ны Техникийн захирал Ш.Жаргалсайхан эмэгтэй хөлбөмбөгийг хөгжүүлэхэд ихэд анхаарал хандуулсан. Хөдөө орон нутгаас Дарханы клуб, Өвөрхангайн клуб маш идэвхитэй оролцож байлаа. Мөн эмэгтэй хөлбөмбөгийг Өвөрхангай аймгийн Хужиртаас Эрхэмбаяр гэж хүн “Хужирт титэм” клуб байгуулж бүх насны эмэгтэй хөлбөмбөгийг хөгжүүлж их амжилт гаргаж байна. Өнөөдөр Архангай, Ховдоос улсын аварга шалгаруулах тэмцээнд тогтмол оролцдог. Сүүлийн 2 жил Сүхбаатар аймагт Э.Тунгалаг, Э.Мөнхтуяа нар тэргүүтэй хөлбөмбөгчид залгамж халаагаа сайн бэлтгэж байгаа. Энэ жилийн эмэгтэй хөлбөмбөгийн IY лиг энэ сарын 4-29-нд /нэг тойрог/ болж шилдгүүдээ тодруулна.  Зүүн өмнөд Азийн хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулах Зүүн өмнөд Азийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сард болно. Энэ тэмцээний эмэгтэй хөлбөмбөгийн эхний шатанд Гуам, Макао, Сан-Марина, Монгол Улсын шигшээ багууд өрсөлдөж хоёр нь дараагийн шатанд дэвшинэ. Энэ бол манай үндэсний эмэгтэй шигшээ багийн хувьд түүхэнд тэмдэглэгдэх олон улсын тэмцээн гэж болно.


-Үндэсний шигшээ багийн эмэгтэй хөлбөмбөгчдийг хэрхэн шалгаруулж авсан бэ?

-МХБХ-ны ерөнхийлөгч А.ганбаатар саяхан эмэгтэй шигшээ багаа бүрдүүл гэсэн үүрэг өгсөн. Манайх Японы хөлбөмбөгийн холбоотой хамтарч ажилладаг. Эмэгтэй 14 насны охидуудыг японы дасгалжуулагч ирж Юүжи Эки сан 2 жил хамтарч ажиллаж байна. Үүний үр дүнд өнгөрсөн жил Шанхай хотноо Зүүн өмнөд Азийн 15 хүртлэх насны тэмцээнд оролцсон. Энэ тэмцээнд манай 14 насны охидууд Сан Маринаг 2:1-ээр хожоод, Гуам-тай тэнцэж, Хонконгийн багт хожигдоод Монгол Улс анхны гоол, тэнцээг хийж, анхныхаа 3 оноог авсан гялалзсан амжилт гаргасан. Манай 16, 19 насны охидын баг 2018 оны 9, 10 дугаар сард Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тэмцээнд оролцоно. Эндээсээ шалгарвал 2019 онд Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд орох эрх авна. Лиг дуусаад 16, 19 насны охидоос шигшээ багаа бүрдүүлээд үндсэн бэлтгэлдээ гарна. Ингээд долдугаар сарын 2-ноос Японд хамтарсан бэлтгэл хийж адил насны, нэг түвшний япон охидын 5 багтай тоглоно.

-Эмэгтэй хөлбөмбөгчид долоо хоногт хэдэн удаа бэлтгэл хийдэг вэ?

-Долоо хоногт шигшээ баг таван өдөр бэлтгэл хийдэг. Нэг болон 5 дахь өдөр амраад 2-4 дэх өдрүүдэд яг үндсэн бэлтгэлээ хийгээд, хагас, бүтэн сайн өдрүүдэд нь бусад клубын хөвгүүдтэй тоглолт хийж бэлтгэлийнхээ үр дүнг үздэг. Ийм жигдэрсэн бэлтгэл хийгээд 2 жил болж байна.

-Манай охид гадны эмэгтэй хөлбөмбөгчидтэй харьцуулахад ямар байдаг бол?

-Анх эмэгтэй хөлбөмбөгийн тамирчдыг бэлтгэхэд надад туршлага их дутмаг байсан. Эрэгтэй тамирчдыг бодвол бие физиологийн хувьд өөр учраас илүү их судалгаа хэрэгтэй болсон. Гэхдээ бид 2017 онд дөрвөн улсын тэмцээнд оролцсон. Хонконг, Тайван, Малайзын багуудтай тоглосон. Эхний 3 тоглолтонд хожоод сүүлийн тоглолтуудад хожигдсон. Энд бид судалгаа хийж үзсэн. Монголын нөхцөлд эрэгтэй хүүхдүүдийг бодвол эмэгтэй хүүхдүүдэд арай илүү давуу чанарууд байна. тэр нь юу вэ гэхээр хортой, шартай, тэсвэр хатуужил сайтай байдаг юм байна гэж дүгнэсэн.

-Охидыг хөлбөмбөгөөр хичээллэхэд ар гэр, эцэг эхчүүд нь хэр дэмждэг вэ?

-Хамгийн хүндрэлтэй асуудал нь энэ байсан. Монголчууд чинь эмэгтэй хүүхэд хөлбөмбөг тоглоно гэж юу байдаг юм гэдэг байсан. Одоо харин бид нар амжилт гаргаад, эцэг эхчүүд өөрсдөө ирж үзээд байхаар тэдний бодол санаа, дүгнэлт овоо өөрчлөгдөх болсон шүү. Ар тал нь дэмждэг болжээ.


-Манай охид хоёр жилийн турш хамтраад нэг баг болоод явсан байна. Багийн спортоор хичээллэхийн давуу талууд юу вэ?

-Эхлээд нэг баг болоход хэцүү байсан. Өөр өөр клубээс ирсэн зан ааш ондоо хүүхдүүдэд нэг хүн шиг байж, хамтдаа өндөр амжилт гаргана гэдгийг маш сайн ойлгуулах хэрэгтэй юм байна лээ. Багийн тамирчид нэг зүг рүү л харах ёстой нэг хүн шиг л байх хэрэгтэй. Хөлбөмбөгийн техник тактикаас гадна сэтгэлзүйн бэлтгэл дээр маш сайн ажиллах хэрэгтэй. Үүнээс гадна хичээлийнхээ хажуугаар сонирхлоороо хөлбөмбөг тоглож байгаа учраас хичээл ном, сонирхол хоёроо зохицуулахад олон зөрчилдөөн гардаг. Гэхдээ манай охид зохицуулаад л явж байна даа.


-Та хөлбөмбөгийн спортод 1976 оноос хойш гэхээр 40 гаруй жилийн амьдралаа зориулжээ. Анх энэ спорт ямар байв, одоо ямар түвшинд хүрээд байгаа талаар сэтгэгдлээ хуваалцаач?

-Хамгийн түрүүнд энэ агуу спорттой амьдралыг минь холбож өгсөн Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Л.Сандагдорж гэдэг хүний шавь болж явсандаа хязгааргүй их баярлаж явдаг. Багшдаа эрүүл энх аз жаргал сайн сайхан бүхнийг хүсээд таныхаа итгэл найдварыг алдахгүй ажиллаж монголын эмэгтэй хөлбөмбөгийн нэр төрийг өндөрт өргөж явахаа илэрхийлж амлаж байна. Үе үеийн ахмад хөлбөмбөгчиддөө эрүүл энх сайн сайхныг хүсэн ерөөе. Манай холбооноос жилд хоёр удаа ахмадын тэмцээн хийдэг. Тухайлбал, цагаан сарын өмнөхөн ахмадын заалны хөлбөмбөгийн тэмцээнээ явуулдаг. Энэ үеэр 60-аас дээш насны ахмад мастер хөлбөмбөгчиддөө цагаан сарын боовыг нь өгнө. Мөн наадмын өмнө ахмадын УАШТ-ийг зохион байгуулдаг. МХБХ-ны 2015 оны Их хурлаас хойш А.Ганбаатар ерөнхийлөгч болоод манай холбоо маш эмх цэгцтэй болж, санхүүгийн хувьд шилэн данстай боллоо. Мөн клубүүдын бүх дасгалжуулчийг сарын 300 мянган төгрөгийн цалинтай болгосон нь хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой шийдвэр болсон. Холбооны Техникийн захирал Ш.Жаргалсайхан футзал болон эмэгтэй хөлбөмбөгийг хөгжүүлэхэд онцгой анхаарсаны үр дүнд олон дэвшил, амжилтыг гаргаж байна. Футзалын хөлбөмбөгөөр манай шигшээ баг Азидаа шилдэг 8 багийн нэгээр шалгарлаа. Энэ багийн дасгалжуулагч Сандагдорж багшийн хүү Эрдэнэ-Очир /”Улаанбаатар-Онон” клуб/ чамгүй гавьяа байгуулсан гэж боддог. Өнөөдөр хөлбөмбөгийн тэмцээний шагналын сан эрс нэмэгдсэн зэргээс харахад МХБХ-ны ирээдүй сайхан гэрэлтэй, өнгөлөг, амжилт дүүрэн байна.

Д.Өлзий, Б.Содгэрэл

Монгол брэнд