top banner

Хар тамхинд донтсон, хамааралтай хүмүүсийн дийлэнх нь хүүхэд, залуус байгааг анхааруулав


2018-06-25 15:34:02
Зураг

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Жил бүрийн 6 дугаар сарын 26-ны өдрийг “Мансууруулах эм, сэтгэц, идэвхит бодисын  хууль бус эргэлттэй тэмцэх олон улсын өдөр болгон  тэмдэглэдэг байна. "Хар тамхинд донтсон, хамааралтай бологсдын ихэнх нь хүүхэд, залуус байгаа нь сэтгэл эмзэглүүлж байна" хэмээн Сэтгэц эрүүл мэндийн үндэсний төвийн /СЭМҮТ/  дарга Л.Насанцэнгэл өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр онцлов.
НЭМГ  болон бусад холбогдох байгууллагуудтай хамтарч хийсэн 2010 оны судалгаанаас харахад архи, тамхины хэрэглээ өсвөр үеийнхний дунд өндөр бөгөөд мансууруулах эм бодисыг тодорхой хэмжээгээр хэрэглэдэг гэжээ. Нийт судалгаанд хамарсан хүмүүсийн 44.6 хувь нь архи, 40.3 хувь нь тамхи, 2.9 хувь нь бензин, 1,8 хувь нь каннабис, 0.9 хувь нь экстаси хэрэглэж үзсэн хэмээн хариулжээ. Тэгвэл Цагдаагийн байгууллагаас хийсэн хамгийн сүүлийн үеийн мэдээллээр 2006-2016 онд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах, улсын хил нэвтрүүлэх 588  гэмт хэрэгт 1566 хүн холбогджээ. Энэ талаар СЭМҮТ-ийн төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Ж.Гантулга “2018 оны эхний 5 сарын байдлаар хар тамхитай холбоотой 84 хэрэгт 186  хүн холбогдсон. Эдгээрийн 40 хувь нь 18-35 нас,11 хувь нь 18 хүртэлх насныхан байв. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус нийлүүлэлт Монгол Улсад БНХАУ, ОХУ гэсэн хоёр урсгалаар орж ирж байгаа. Хөрш орнуудын хувьд визгүй зорчдог болохоор энэ төрлийн гэмт хэрэг нэмэгдэхэд нөлөөлдөг гэж үзэж болно. Ялангуяа хар тамхи зөөвөрлөх гэмт хэрэгт  биеэ үнэлэгч, халаасны хулгайн гэмт хэрэг үйлддэг, амьдралын төвшин доогуур хүмүүс холбогддог. Монгол Улсад ургадаг мансууруулах үйлчилгээний зэрлэг олсны ургамлын тархац их байгаа нь түүж, боловсруулах нөхцлийг бүрдүүлж мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын нийлүүлэлтийн гол эх сурвалж болж байгаа нь анхаарл татсан асуудал болжээ. Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэгч 18-35 насны залуус, найз нөхдийн харилцаа холбоогоор дамжуулан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг олж авдаг байна. Хамгийн аюултай нь залуус нэг нэгийгээ уруу татаж, хар тамхинд оруулж байна" гэдгийг ч дурдлаа.

Ж.Батсайхан

 


Монгол брэнд