top banner

Мориноос унаж бэртсэн хүүхдэд 20 сая төгрөгийн нөхөн олговор өгнө


2018-06-25 16:00:38
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас даатгалын компаниудтай хэлэлцээр хийж, хурдан морины унаач хүүхдийн даатгалын хураамжийг 100 мянган төгрөг, мориноос унаж бэртсэн тохиолдолд олгох нөхөн олговрыг 20 сая төгрөг байхаар тогтоожээ.

Энэ талаар өнөөдөр тус газрын Хууль эрхзүй хамтын ажиллагааны газрын дарга А.Энхбаатар мэдээлэл хийв. Монгол Улсын хэмжээнд нийт 11 даатгалын компани хурдан морь унаач хүүхдүүдийг 30 мянган төгрөгөөр даатгалд хамруулж, гэмтсэн тохиолдолд 5 сая төгрөгийн нөхөн олговор олгодог байжээ. Энэ нь хүүхдийн эмчилгээнд төдийлөн хүрдэггүй байсан тул 20 сая болгосон бөгөөд энэ нь нөхөн сэргээх эмчилгээ, үйлчилгээнд хангаллтай хүрнэ хэмээн тооцоолсныг мэдээллийн үеэр онцлов.

Тэрбээр, “Өнгөрсөн жилийн Үндэсний их баяр наадмаар хурдан морины унаач хүүхдүүдийн цахим бүртгэлийн системийг нэвтрүүлсэн.  Энэ систем нь хүүхдийн гэрийн хаяг, сургууль, анги, уралдаанд оролцсон амжилт, бэртэл, гэмтэл болон уяачдын мэдээллийг давхар бүртгэдэг. Уг системд өнгөрсөн онд 1500 хүүхэд бүртгүүлсний 70 хувь нь хөлсөөр морь унадаг гэсэн судалгаа бий. Мөн энэ жил унаач хүүхдийн хамгаалалтын хувцасны стандартыг шинэчилсэн бөгөөд 110 мянган төгрөгөөр борлуулахаар төлөвлөж байна” гэлээ.
О.Болорцэцэг

Монгол брэнд