top banner

Эцэг, эхчүүдийн саналыг үндэслэн хүүхдийн авто машины суудлыг 63 мянган төгрөг болгов


2018-06-25 16:13:40
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар (ГБХЗХГ), “Номин” компани хамтран энэ оны 8 дугаар сараас автомашины хүүхдийн зориулалтын суудлыг 63 мянган төгрөгөөр борлуулах болжээ.

Энэ талаар өнөөдөр тус байгууллагын удирдлагууд мэдээлэл хийв. Монгол Улсын хэмжээнд 2017 оны байдлаар гэмт хэргийн улмаас 127 хүүхэд хохирсноос 55 нь зам тээврийн ослоор нас барсан. Энэ нь эцэг, эхчүүд автомашинаар бага насны хүүхэд тээвэрлэхдээ зориулалтын суудал хэрэглэдэггүйтэй холбоотой аж. Зах зээлд зориулалтын суудал 330 мянган төгрөгийн үнэтэй байдаг тул эцэг, эх төдийлөн худалдаж авч чаддаггүй байна. ГБХЗХГ-аас эцэг эхчүүдийн дунд судалгаа явуулахад хүүхдийн зориулалтын суудал 48-63 мянган төгрөгийн үнэтэй байх нь зохимжтой гэсэн санал өгсөн байна. Үүний дагуу тус газраас хүүхдийн зориулалтын суудал импортлогч компаниудад санал хүргүүлсэн бөгөөд “Номин” компани 63 мянган төгрөгөөр борлуулах саналыг хүлээн авчээ. 

Мөн ГБХЗХГ, “Номин даатгал” ХХК-тай хамтран “Хүүхэд хамгааллын даатгал”-ын үйлчилгээг шинээр бий болгов. Ингэснээр хүүхэд гэнэтийн осол, хүчирхийлэлд өртсөн тохиолдолд нөхөн сэргээх эмчилгээ, үйлчилгээний зардлыг даатгалын байгууллага нөхөн төлөх юм. Засгийн газар, ГБХЗХГ-аас эрсдэлт нөхцөлд амьдарч буй 9000 орчим хүүхдийн даатгалын мөнгийг хариуцах болсон бөгөөд Монгол Улс хүүхэд хамгааллын даатгалтай Ази тивийн анхны орон боллоо.
О.Болорцэцэг

Монгол брэнд