top banner

Бор-Өндөрийн хөгжлийн төлөө залуус хамтдаа зүтгэж байна


2018-06-26 13:15:58
Зураг
Хэнтий /МОНЦАМЭ/ “Сумандаа сайхан амьдаръя” уриаг бүтээлчээр хэрэгжүүлж буй залуусын нэгдлийг зорин уулзлаа. Тэд төрөлх нутагтаа ажлын байр нэмэгдүүлэх, нийгмийн хариуцлагаа ухамсарлан эко хэрэглээг бий болгох зорилго өвөрлөн баялаг бүтээж буй хөдөлмөрч залуус юм.
 
Залуусыг ахлан, санаачлага гарган ажиллаж байгаа үүсгэн байгуулагч нь Бор-Өндөр сумын уугуул Т.Гантогоо аж. Тэрбээр найзуудтайгаа нэгдэн “Бор-Өндөр хөгжлийн төлөө Бид хамтдаа зүтгэнэ” уриан дор авто машины доторлогоо, буйдан сэргээн засварлах үйлчилгээг явуулж байна. Анх 2017 оны 11 дүгээр сарын 11-нээс эхлэн Бор-Өндөр сумандаа хоёр хүний бүрэлдэхүүнтэйгээр өөрсдийн нөөц бололцоондоо тулгуурлан үйл ажиллагаагаа эхлүүлсэн.
 
Одоогоор зургаан хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа бөгөөд хоёр нь хотоос ирсэн мэргэжлийн хүмүүс ажээ.Тэд Улаанбаатар хотод машин доторлогооны чиглэлээр зургаан сар энэхүү ажлаа хийж байсан туршлагатай. Залуус борлуулалтын зах зээл даган Дархан, Эрдэнэтэд салбар нээх боломжтой байжээ. Гэсэн ч төрөлх сум орон нутагтаа сайхан амьдарч, хийж бүтээе гэсэн сэтгэлээр ийнхүү нутагтаа үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлж байна. Ашиг гэхээс илүү сумынхаа хөгжлийн төлөө зүтгэх эрхэм зорилгын дор нэгдэн чанартай, шинэлэг үйлчилгээг нэвтрүүлсэнд талархах үйлчлүүлэгчдийн тоо нэмэгдэх болсноор буйдан засварын захиалга их байгаа гэнэ.
 
Тэд өнгө, загвар, материалын өргөн сонголттойгоор захиалга авч, мэргэжлийн чадварлаг оёдолчид 1-2 хоногт бэлэн болгодог.  Та  Улаанбаатар хот явах цаг зав, санхүү зардлаа хэмнэн, хямд үнээр дараах үйлчилгээнүүдийг  орон нутагтаа авах боломжтой. Үүнд:
  1. Машины дөрвөн хаалгыг сольж бүрэх
  2. Авто машины голын хайрцагны элгэн хэсгийг сольж бүрэх
  3. Авто машины гоёлын доторлогоо 
  4. Бүх төрлийн авто машины суудлын бүрээс
  5. Хуучирч муудсан буйданг сэргээн засварлах
Залуус үйлдвэрлэл үйлчилгээнийхээ зэрэгцээгээр олон нийтэд чиглэсэн ажил зохион байгуулдаг. Тухайлбал, өөрсдийнхөө хобби болон залуусыг хөгжүүлэх, чөлөөт цагийг зөв өнгөрүүлэх зорилгоор сумандаа Сагсан бөмбөгийн анхны лигийг санаачлан зохион байгуулсан байна. Түүнчлэн нэгэн хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг сонгон Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрөөр машиныг нь доторлон өгч бэлэг барьжээ. Мөн фэйсбүүк хуудсаар Азтан шалгаруулж, машины жижиг деталиудын доторлогоог хийж гүйцэтгэсэн байна.
 
Энэхүү үйлдвэрлэл, үйлчилгээг эрхэлснээр сумандаа 2-3 хүнийг байнгын ажлын байртай болгожээ. Түүнчлэн орлогынхоо тодорхой хувийг сайн сайхан бүтээн байгуулалт, оновчтой зүйлд зарцуулан хандивлахаар төлөвлөжээ. Энэ жилийн хувьд Соёлын төвийн сандлыг бүрж, засаж сэлбэх ажлыг хийх санаачлага гаргаад байгаа юм.

Мөн хуванцар болон нийлэг уутны замбараагүй хэрэглээнээс шалтгаалан сүүлийн жилүүдэд хорт хавдрын өвчлөл эрс нэмэгдэж буйд залуус санаа зовнин “Гялгар уутгүй Монгол” хөдөлгөөнд нэгдэн даавуун уутны хэрэглээг орон нутагтаа бий болгохоор зориод байна.
Залуусын бүтээлч сэтгэхүйд хийж бүтээх ажил маш их ажээ. Баялаг бүтээхийн зэрэгцээ нийгмийн хариуцлагаа ухамсарлан, сэтгэл зүрхээрээ нэгдсэн хөдөлмөрч залуусын нэгдлийн амжилтын ирээдүй тун ойрхон... 
Д.Одонтунгалаг

Монгол брэнд