top banner

Аймгийн болон Гурвансайхан сумын эмнэлэг яаралтай тусламжийн шинэ машинтай боллоо


2018-06-28 18:17:55
Зураг
Дундговь /МОНЦАМЭ/. Аймгийн засаг даргын 2018 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн А/01 дүгээр захирамжаар 2018 оныг “Эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласан бөгөөд тус ажлын хүрээнд Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлэг болон Гурвансайхан сумын эмнэлэгт яаралтай тусламжийн тэргийг өнөөдөр гардуулан өглөө.



Үйл ажиллагааны нээлтийн үеэр аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ хэлэхдээ “Эрүүл мэндийг дэмжих жил”-ийн хүрээнд материаллаг баазыг бий болгох төдийгүй боловсон хүчинг бэлтгэх ажлууд үе шаттайгаар хийгдэж байна. Энэ оноос аймгийн Засаг даргын нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж байгаа бөгөөд тус тэтгэлэг орон нутагтаа нэн шаарлагатай мэргэжлээр сурч буй оюутнуудыг, мөн ажилчдыг мэргэшүүлэх сургалтад чиглэнэ. Ийнхүү хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө сайн ажиллахыг та бүхэндээ хүсч, эрүүл энхийг хүсэн ерөөе” гэв.

Яаралтай тусламжийн чиглэлээр тоноглогдсон тус автомашинуудыг Гурвансайхан сумын “Хөтөл цагаан” хэмээх газар уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй “Үнэн бэх” ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд эмнэлгүүдэд бэлэглэсэн байна. Ингэснээр эрүүл мэндийн байгууллагууд эмнэлэгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй түргэн шуурхай хүргэх, алсын дуудлагад өвчтнийг аюул осолгүй тээвэрлэх боломж бүрдүүлжээ. 
Б.Ундармаа

Монгол брэнд