top banner

ИТХ-ын дарга Польшид туршлага судлах айлчлал хийлээ


2018-06-29 17:09:29
Зураг
Хэнтий /МОНЦАМЭ/ УИХ-ын Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран Монгол Улсын хэмжээнд “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийг хэрэгжүүлж байна. Энэ төслийн хүрээнд Хэнтий аймгийн ИТХ-ын дарга Л.Батсайхан Польш улсыг зорин туршлага судлаад ирлээ.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэнгээр ахлуулсан 12 хүний бүрэлдэхүүнтэй айлчлалын багт аймгийн ИТХ-ын дарга нараас есөн хүн багтжээ. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулинд өөрчлөлт оруулах асуудал улсын хэмжээнд яригдаж буй энэ цаг үед тус айлчлал нь тун үр дүнтэй айлчлал болсныг тус аймгийн ИТХын дарга цохон тэмдэглэж байлаа.

Бүгд Найрамдах Польш улс нь 16 аймгаас бүрэлдсэн парламентын засаглалтай орон бөгөөд айлчлалын бүрэлдэхүүн Польш улсын парламентын гишүүдтэй уулзаж, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуваарьтай танилцжээ. Польшийн газар нутаг нь воьводство /аймаг/-д хуваагдсан байдаг бөгөөд тэдгээр нь повиат /дүүрэг/, дүүрэг нь гмина / хотын захиргаа/ гэж хуваагддаг. Гол хотууд нь албан ёсоор гмина болон повиатын статустай байдаг.

Одоогоор 16 воьводшипс \аймаг\, 379 повиат \дүүрэг\, 2478 гмина\ хотын захиргаа\ байдаг байна. Тус улс нь жижиг, дунд бизнесийг төрөөсөө маш сайн дэмжиж өгдөг бодлогыг Хэнтий аймгийнхаа хөрсөнд буулгаж, хэрэгжүүлэх боломжтойг хурлын дарга ярьж байлаа. Мөн Польш улсын гмина \хотын захиргаа\ нь өөрсдөө татвараа тогтоодог, Засаг захиргааны нэгжүүдийн чиг үүргийг хуулиар тогтоож, аймаг, дүүрэг, сумын эрх, чиг үүргийг давхардалгүйгээр тогтоосон байдаг зэрэг нь тун онцлог байсныг хуваалцлаа.

Түүнчлэн манай улсад энэхүү чиг үүргийн давхардлыг арилгах, салбар хуулиудад ИТХ-ын дарга, Засаг даргын чиг үүргийн давхардлыг өөрчлөх шаардлагатай байгааг хэлж байсан юм.
Дашрамд дуулгахад, Польш улс нь нийт 38.5 сая гаруй хүн амтай, 312,679 м2 газар нутагтай бөгөөд тэнд одоогоор 1200 орчим монголчууд сурч, ажиллаж байна гэсэн албан бус тоо байдаг аж. 
Д.Одонтунгалаг

Монгол брэнд