top banner

Түйн гол дагуу цэвэрлэгээ хийлээ


2018-06-29 19:30:41
Зураг

Баянхонгор /МОНЦАМЭ/. "Эх болсон рашаан ундарга, гол усаа хайрлан хамгаалъя" уриатай цэвэрлэгээг Түйн голын ай сав дагуу өнөөдөр зохион байгууллаа.
Цэвэрлэгээг Баянхонгор аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, ГХУСАЗЗөвлөл, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Баянхонгор сумын ЗДТГ, Цэвэр хот ОНӨХХК хамран зохион байгуулж, иргэд ч сайн дураараа идэвхтэй оролцсон байна.
Иргэд хэсэг бүлгээрээ, зарим байгууллага хамт олон, хувь хүмүүс тодорхой хэсгийг цэвэрлэдэг ч гялгар уут, архи пивоны шил лааз, бусад хог хаягдал хөглөрсөөр байгаа тул дээрх байгууллагууд бүх нийтийн сайн дурын цэвэрлэгээнд ийнхүү бусдыгаа уриалан дууджээ.
Тус цэвэрлэгээнд нэр бүхий байгууллагуудаас гадна Баянхонгор сумын есөн багийн хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд хамрагдаж буй хөдөлмөрийн насны, хөдөлмөрийн чадвартай хүмүүс албан ёсоор оролцсон байна. Ийнхүү албан байгууллага, иргэд, оюутан залуус байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах үйлсэд нэгдэж, Түйн голын ай савын хог хаягдлыг цэвэрлэх ажлыг зохион байгуулснаас гадна иргэдийг байгальд хог хаяхгүй байхаас гадна хөдөө гадаа зугаалахдаа орчных нь хогийг түүж, төвлөрсөн цэгт хүргэж хэвших талаар цахим орчинд хөдөлгөөн өрнүүлж эхэлжээ.
Дашрамд дуулгахад, Зарим хог хаягдал байгальд шингэтлээ олон мянган жилийг зарцуулдаг байна. Тухайлбал, тамхины иш 2-5 жил, гутал хувцас 50-80 жил, лааз 20-500 жил, шил 1 сая жил, гялгар уут 400-800 жилийн дараа байгальд шингэдэг аж.
                                                                                                                            Б.Мөнхзул


Монгол брэнд