top banner

Иргэд эмийн үнийн талаар санал, гомдол ирүүлжээ


2018-07-02 20:00:41
Зураг
Орхон/МОНЦАМЭ/ Орхон аймгийн эмийн санд зарим эм хэт өндөр үнэтэй байгаа талаар иргэд аймгийн ЗДТГ-ын “Иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авах 7035-3511” дугаарт мэдэгджээ. Үүний дагуу Эрүүл мэндийн газрын дарга Ц.Мөнхцэцэг мэдээлэл хийлээ.

Иргэдээс ирсэн гомдолд, даралт бууруулах эм зэргэлдээ хоёр эмийн санд 1000-1500 төгрөгийн зөрүүтэй байгааг жишээ татжээ. Иймд энэ талаар хяналт, шалгалт хийхийг иргэд хүссэн байна. Энэ талаар Эрүүл мэндийн газрын дарга Ц.Мөнхцэцэг хэлэхдээ, “Эмийн сангууд эмээ татаж авахдаа өөр, өөр эм ханган нийлүүлэх газраас авдаг. Жишээ нь Орхон аймаг дахь Эм ханган нийлүүлэх газраас авсан эм Улаанбаатараас авсан эмээс бага зэргийн үнэтэй байдаг. Ер нь нэг эм, бэлдмэлээс 10-15 хувийн ашиг олдог. Энэ дагуу л үнээ тогтоож байгаа байх. Хэрэв үүнээс илүү нэмж зарж байгаа бол холбогдох газар нь мэдээлж, шалгуулна” гэлээ.
Тус аймагт 57 эмийн сан, найман эм ханган нийлүүлэх байгууллага ажилладаг. Нийт 57 эмийн сангаас 20 нь “Хөнгөлөлттэй эм”-ээр үйлчилдэг юм. Үүнд 810 нэр төрлийн эм, бэлдмэл байдаг бөгөөд үүний жорыг энэ оны дөрөвдүгээр сараас цахимаар бичдэг болжээ. Энэ нь өрхийн эмчийн ачааллыг нэмэгдүүлж нэг эмч гурав хоногийн хугацаанд 167 жор бичих тохиолдол гарч байгаа гэнэ. Түүчлэн ЭМНДЕГ-аас нэгээс дөрөвдүгээр сард нэг эмийн санд “Хөнгөлөлттэй эм”-ийн санхүүжилтэд 4-5 сая төгрөг, зуны улиралд үүнийг бууруулж 1-2 сая төгрөг болгосон байна. Үүнээс болж хөнгөлөлттэй үнээр эм авах гэсэн иргэд зарим эмийн сангийн гадаа удаан хугацаагаар дугаарлаад ч эмээ авч чадахгүйд хүрчээ. Иймд үүнийг удахгүй өөрчилнө гэж тэрээр мөн мэдээллээ. Хөнгөлөлттэй үнээр олгодог эмийн санхүүжилтийг ЭМД-аас олгодог бөгөөд нэг эмийг дунджаар 20-75 хувь хөнгөлж үнийг зөрүүг тухайн эмийн санд нь өгдөг юм. Өөрөөр хэлбэл, иргэд нэг эмийг 20-75 хүртэлх хувиар хөнгөлж авдаг гэсэн үг.
Б.Оюун-Эрдэнэ
 


Монгол брэнд