top banner

Хурдан морь унаач хүүхэд бүртгэлээс хоцорвол уралдаанд оролцуулахгүй


2018-07-03 13:29:23
Зураг
Орхон/МОНЦАМЭ/ Аймгийн баяр наадмын комиссын “Хурдан морины комисс” цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.  Энэ сарын 9, 10, 11-нд Орхон аймаг Ардын хувьсгалын 97 жилийн ойн баяр наадмыг тэмдэглэнэ. Энэ үеэр зургаан насны морьд уралдах бөгөөд унаач хүүхдүүдийн аюулгүй байдал, эцэг, эхийн үүрэг, хариуцлага, хүүхдийн эрхийн асуудлыг хэрхэн хангаж ажиллах талаараа сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм.

Юуны өмнө унаач хүүхэд нь долоо нас хүрсэн байх, эцэг, эх нь холбогдох байгууллагуудтай гэрээ байгуулах, зориулалтын хамгаалалтын хувцас, хэрэглэлтэй байх шаардлагатайг анхаарууллаа. Мөн хурдан морь унаач хүүхдүүдийг мэдээллийн санд бүртгэх бөгөөд бүртгэлээс хоцорвол уралдаанд оролцуулахгүй гэнэ. Эцэг, эхчүүд хүүхдүүдээ бүртгүүлэхийн тулд төрсний гэрчилгээ, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, эмнэлгийн шинжилгээний хуудас, уяач болон унаач хүүхэд хоёрын байгуулсан гэрээ, эцэг, эхийнх нь зөвшөөрлийн бичиг, бусад дэлгэрэнгүй мэдээллийг бүрдүүлэх ажээ.
Уг журам өнгөрсөн жилээс хэрэгжиж эхэлсэн ч уяач болон эцэг, эхчүүд уралдаан болохын өмнөхөн ирж тэмцээнд оролцох гэж дураараа авирладаг байна. Ийм тохилдолд дараа, дараагийн тэмцээнд оролцуулахгүй гэдгийг мөн анхаарууллаа.
Дашрамд дурдахад, Орхон аймагт хурдан морь унаач 70 хүүхэд байдгаас 20 гаруй нь л мэдээллийн санд бүртгэлтэй байдаг гэнэ. Мөн Улсын баяр наадмаар өдөрт таван насны морьд уралддаг бөгөөд нэг хүүхэд өдөрт гурван удаа л уралдаанд оролцох боломжтой гэлээ.
Б.Оюун-Эрдэнэ 

Монгол брэнд