top banner

Н.Эрдэнэбаяр:Зуны сард II, III бүлгийн цусны нөөц хомсдох магадлалтай


2018-07-03 13:45:26
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сар бүрийн 3-ны өдөр тохиодог "Цус бэлэглэх өдөр"-өөр Аялал жуулчлалын салбарын 30 гаруй төлөөлөл цусаа хандивлав.
Төрөөс донорын цус, цусан бүтээгдэхүүний хангамжийг сайжруулах, аюулгүй байдлыг хангах талаар баримтлах бодлогын хүрээнд донорын үйлсийг сурталчлах, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор сар бүрийн 3-ны өдрийг “Цусаа бэлэглэх өдөр” болгон шийдвэрлэсэн билээ.
Үйл ажиллагаанд Нийслэлийн аялал жуулчлалын газар, Монголын аялал жуулчлалын холбооны ажилтан, албан хаагчид идэвхтэй оролцлоо.



ЦССҮТ-ийн захирал Н.Эрдэнэбаяр, “Зуны улирал буюу 7-8 дугаар сард бүлгийн хамааралтай цусны захиалга нэмэгддэг. Үүнээс болоод II, III бүлгийн цусны хомсдол үүсэх магадлалтай. Учир нь ийм бүлгийн цустай хүмүүс илүү их цус, цусан бүтээгдэхүүн хэрэглэх шаардлагатай гэсэн үг. Үүнээс урьдчилан сэргийлэх үүднээс ЦССҮТ зуны амралтын улиралд бодлогоор арга хэмжээ авдаг. Өнгөрсөн жил 33400 донор цусаа хандивласнаас 55 хувь нь  2 ба түүнээс дээш удаа өгсөн. Үүнийг 60-аас дээш хувьд хүргэвэл цусны нөөц эрсдэлгүй хэмжээнд очно. Одоогийн байдлаар нөөц хангалттай бий” гэв.
Энэ өдрийн хүрээнд ачтан доноруудыг шагнаж алдаршуулсан, “Мөнгөн донор”-оор өргөмжлөгдсөн С.Гантулгыг Монголын аялал жуулчлалын холбооноос Манжуур хотод аялах эрхийн бичгээр шагнаж, “Хүрэл донор”-оор өргөмжлөгдсөн Б.Оюун-Эрдэнэ, Ч.Болормаа, В.Сарантуяа нарт “Ибис” зочид буудал, “Бумбан тур” амралтад амрах эрхийн бичиг гардуулав. Мөн “Бахархал 50” тэмдгийг Т.Улсболд, “Бахархал 40” тэмдгийг Г.Ариунболд, “Бахархал 30” тэмдгийг Э.Алтанцэцэг, “Бахархал 20” тэмдгийг Т.Дээдэнцэцэг нарт хүртээв.

ЦССҮТ-ийн нийгмийн ажилтан Д.Дулмаа, "Нэг хүний бэлэглэсэн  цуснаас 3 төрлийн  бүтээгдэхүүн бэлтгэж, 3  хүний амь нас авардаг. Үүрд мөнх орших тулгын гурван чулуу, Монголчууд бидний үүрд мандан бадрахын бэлгэдэл болсон соёмбо дээрх  галын гурван дөл, мөнх үргэлжлэхийн бэлгэдэл өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цаг зэргээс гурвын тоо бол үүрд мөнх хувирашгүй гэсэн санааг агуулдаг тул сар бүрийн 3-ны өдрийг ийнхүү тэмдэглэдэг” хэмээн тайлбарлав.

Э.Энхсаруул

Гэрэл зургийг Н.Батбаяр


Монгол брэнд