top banner

Он гарсаар Орхон аймагт 385 иргэн хорт хавдартай нь шинжилгээгээр тогтоогджээ


2018-07-03 13:59:41
Зураг
Орхон/МОНЦАМЭ/ Он гарсаар Орхон аймагт хорт хавдар илрүүлэх оношилгоо, шинжилгээнд  855 иргэн хамрагдаж 385 хүн хавдраар өвчилсөн нь илэрчээ. Мөн уг өвчний улмаас 178 хүн нас барсан байна. Орхон аймаг өнгөрсөн онд ходоод, улаан хоолойн хорт хавдрын өвчлөлөөрөө улсад дөрөвдүгээрт жагсаж байсан бол он гарсаар нэгд жагсчээ. Энэ нь анхан шатны илрүүлэг, оношилгоо сайн хийсний үр дүн юм.
Хортой болон хоргүй хавдарыг эрт үед нь илрүүлвэл эдгэдэг өвчин гэдгийг иргэд ойлговол урьдчилан сэргийлэх үзлэгт байнга хамрагдаж амьдралын хэв маягаа өөрчилж, эрүүл амьдрах боломжтой гэж эрүүл мэндийн байгууллагаас анхааруулж байна. Түүнчлэн БОЭТ-д хорт хавдартай иргэдийг хэвтүүлэн эмчилдэг нэг тасаг байдаг бөгөөд тэр нь тавхан ортой аж. Иймд 200 орчим хүн гэрээрээ эмчилгээ хийлгэж насан эцэслэдэг байна.  
Жил ирэх тусам тус аймагт хорт хавдараар өвчлөгсдийн тоо нэмэгдэх хандлагатай байгаа гэнэ. БОЭТ-ийн хийсэн судалгаагаар 2016 онд шинээр 500 гаруй хүн хорт хавдраар өвчилсөн нь тогтоогджээ.  
Б.Оюун-Эрдэнэ


Монгол брэнд