top banner

“Дуу хуур бидний өв соёл” ардын урлагийн их наадамд 320 орчим уран бүтээлчид оролцлоо


2018-07-03 18:08:37
Зураг
Дундговь /МОНЦАМЭ/. БСШУС-ын сайдын 2018 оны А/196 дугаар тушаал, аймгийн Засаг даргын 2018 оны А/273 тоот захирамжийн дагуу Дундговь аймагт Соёлын биет бус өвийн “Дуу хуур бидний өв соёл” Ардын урлагийн их наадмыг 5 ай савын 26 төрлийн 106 чиглэлээр 29,30-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Ардын урлагийн их наадамд 15 сумын 318 уран бүтээлч оролцож, 297 төрлийн уран бүтээл тавигдан олон түмнийхээ сонор, мэлмийг мялаасан байна. Түүнчлэн Уламжлалт гар урлалын чиглэлээр 10 төрөлд 11 сумын 90 гаруй бүтээлчдийн бүтээл, Уламжлалт зан үйл, ёслол баяр наадам, байгалийн ба олон сав ертөнцийн тухай мэдлэг, заншил, уламжлалт аргын төрөлд 9 сумын 27 оролцогч оролцсон юм.

Дундговь аймагт зохиогдсон Ардын урлагийн их наадамд багийн нийт дүнгээр Нэгдүгээр байранд Өндөршил сум, Хоёрдугаар байранд Өлзийт сум, Гуравдугаар байранд Сайнцагаан сум тус тус шалгарлаа.

Тус наадмыг Монгол Улсын Соёлын өвийг хамгаалах тухай хууль, ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвийг хамгаалах тухай 2003 оны Конвенци, салбар дундын хамтын ажиллагааны хүрээнд Соёлын биет бус өвийг хадгалж хамгаалах, дэмжин хөгжүүлэх, судалж, сурталчлах үйл ажиллагааг өргөжүүлэх, таван ай савын хүрээнд Соёлын биет бус өвийн зүйлүүд, өвлөн уламжлагчдыг тодруулан алдаршуулах, авьяас билгийг хөгжүүлэх, соёлын өвийн бүртгэл мэдээллийн санг баяжуулах зорилгоор зохион байгуулжээ.
Б.Ундармаа


Монгол брэнд