top banner

Өлзийт сумын сургуулийг Долгорын Нямаагийн нэрэмжит болголоо


2018-07-03 18:21:59
Зураг
Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 70 дугаар тогтоолоор Өлзийт сумын Ерөнхий боловсролын сургуулийг тус сумын уугуул Монгол Улсын төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн яруу найрагч Долгорын Нямаагийн нэрэмжит болгохоор шийдвэрлэлээ.

Монгол Улсын төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Долгорын Нямаа 1939 онд Дундговь аймгийн Өлзийт сумын нутаг Хирс таван толгойн Үүдэн бууцанд мэндэлжээ. Тэрээр Өзлийт сумын бага сургуулийг дүүргэсэн бөгөөд Хүн эмнэлгийн техникум,  Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуулийг тус тус дүүргэсэн аж.

Өлзийт сумын 9 жилийн дунд сургуулийг Монгол Улсын төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Долгорын Нямаагийн нэрэмжит болгох саналыг сургуулийн хамт олон, хүүхэд багачууд, багш сурган хүмүүжүүлэгчид, эцэг эхчүүд, нутгийн нийт ард иргэд 100 хувь дэмжсэн байна. Тус сургуулийг Д.Нямаа агсаны нэрэмжит болгосноор энэ агуу хүний хийж бүтээсэн ажил, туурвиж байсан бүтээлийг нь судлан дэлгэрүүлж залуу хойч үедээ өвлүүлэн үлдээж, тэр гайхамшигт хүний замналаар хүүхэд багачууд, сэхээтэн залуус монгол ухаанаар хүмүүжиж улс эх орноо цэцэглэн хөгжүүлэх болно хэмээжээ.

Өлзийт сумын 9 жилийн сургууль нь 1938 онд бага сургууль нэртэйгээр байгуулагдсан бөгөөд 1970-1971 оны хичээлийн жилд 8 жилийн сургууль болон өргөжиж, шинэ хичээлийн байртай болжээ. 1985 онд “Аймгийн Тэргүүний сургууль”-аар шалгарсан аж. Тус сургууль одоогоор хичээлийн байр 1, спорот зал 1, сурагчдын дотуур байр 1, багш нарын байр 1 гэсэн барилга байгууламжтайгаар 9 бүлэгт 137 сурагч 3 удирдлага, 15 багш, 13 ажилчинтай үйл ажиллагаагаа явуулж байна.
Б.Ундармаа

Монгол брэнд