top banner

“Малын эрүүл мэнд” дэд хөтөлбөрийг баталлаа


2018-07-04 09:44:14
Зураг
Дорноговь /МОНЦАМЭ/.Долдугаар сарын 02-нд хуралдсан Дорноговь аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар  “Малын эрүүл мэнд” дэд хөтөлбөрийг баталлаа.
Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт дэвшүүлсэн “Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн”, аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт дэвшүүлсэн “Мал сүргийг эрүүлжүүлэх бодлого боловсруулан хэрэгжүүлэх, эрүүл малтай сум, бүсийг бий болгох” зорилтын хэрэгжилтийг хангах, нийтийн эрүүл мэндийг хамгаалахад малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлыг хангах зорилгоор дээрх хөтөлбөрийг батлуулсан гэж аймгийн ХХААГ-аас мэдээлэв.
Сүүлийн жилүүдэд Дорноговь аймагт малын гоц халдварт, халдварт өвчний гаралт, тархалт буурахгүй байгаа нь эдгээр өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах талаар онцгой анхаарч урт хугацааны зорилтот хөтөлбөр, арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатайг харуулж байгаа аж.
Ялангуяа малын эрүүл мэндийг хамгаалах, эрүүл малтай бүс нутгийг бий болгох шаардлагын хүрээнд мал сүрэгт тохиолдож байгаа өвчлөл, малын зүй бус хорогдлыг бууруулах, мал эмнэлгийн үйлчилгээг мэргэжлийн түвшинд чанартай хүргэх, халдварт өвчний гаралт, тархалтыг бууруулан малыг эрүүлжүүлэх, мал аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлого, арга хэмжээ авч хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байгааг албаныхан онцлов.
Аймгийн хэмжээнд 2013-2017 онуудад мал, амьтны гоц халдварт шүлхий, цэцэг өвчин нийт 13 суманд гарч хорио цээрийн дэглэмийг 21-90 хоногийн хугацаанд тогтоож 1.4 тэрбум  төгрөгийн санхүүжилтийг зарцуулсан байна.
Хөтөлбөрийг  2018-2021 оны хүртэл хэрэгжүүлэх бөгөөд санхүүжилтийг  улсын төсөв, орон нутгийн төсөв, олон улсын байгууллага, төсөл хөтөлбөрийн санхүүжилтээр босгох аж. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд малаас хүнд дамжин халдварладаг бруцеллёз, адууны ям, адууны халдварт цус багадах, үхрийн сүрьеэ, галзуу, боом, паразиттах өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх төлөвлөгөө батлан хэрэгжүүлэх, мал эмнэлгийн байгууллагын мэргэжилтэн, малын эмч нарын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, боловсон хүчин бэлтгэх, боловсон хүчин шинээр бэлтгэх, тэтгэлгээр сургах, зэрэг 20 гаруй заалт бүхий ажлын төлөвлөгөөг хамт баталжээ.
Х.Эрдэнэбулган

Монгол брэнд