top banner

Цэцэрлэгийн орчинд экологийн боловсрол олгох загвар тохижилт хийв


2018-07-04 10:54:16
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаагийн санаачилгаар Дэлхийн байгаль хамгаалах сан, Нийслэлийн Байгаль орчны газрын дэмжлэгтэй цэцэрлэгийн орчинд экологийн боловсрол олгох загвар тохижилтыг 242 дугаар цэцэрлэгт хийж, хүлээлгэн өглөө.

Цэцэрлэгийн зай талбай, сургалтын стандартад нийцүүлэн тохижуулсан орчинд хүүхдүүд шувуу, загас, гэрийн тэжээмэл амьтдыг хооллох, судлах, тасалгааны ногоон ургамал, цэцэг тарих, гадна талбайд өөрийн гараар туршиж үзэх боломжийг бүрдүүлсэн бөгөөд нэг бүлгийн бүх хүүхдэд хүрэлцэхүйц багаж хэрэгсэл, материал бэлтгэжээ. Цаашид уг тохижилтын ажлыг бусад цэцэрлэг, сургуулийн өмнөх боловсролын төвүүдэд загвар болгон ашиглах юм.
Сургуулийн өмнөх боловсрол, сургалтын орчноор дамжуулан хүүхдэд юмс үзэгдлийн талаарх ойлголт, байгаль орчныг хамгаалах хандлагыг зөв төлөвшүүлэх нь чухал нөлөөтэй. Учир нь хүүхэд 3-5 насандаа амьдралын туршид авах мэдээллийнхээ 70 хүртэлх хувийг авдаг гэсэн судалгаа бий. Сургуулийн өмнөх боловсролын хөтөлбөрт хүрээлэн буй орчны танин мэдэхүйн сургалт багтдаг боловч тухайн хичээлийн хэрэглэгдэхүүн, орчин нөхцөл цэцэрлэг бүрд харилцан адилгүй байдаг. “Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын сургалтын орчин. Ерөнхий шаардлага” MNS 6558:2015 стандартыг 2016 оноос мөрдөж эхэлсэн. Цэцэрлэгийн орчинд тавих норматив шаардлагыг заавал дагаж мөрдөх эрхзүйн хэм хэмжээг тусгасан нь байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг хэмнэх, зөв хандлагыг төлөвшүүлэхэд чухал түлхэц болж байна гэдгийг мэргэжилтнүүд хэллээ. 
Ж.Болор

Монгол брэнд