top banner

ЭЕШ-д 800 оноо авсан сурагчид нэг сая төгрөгийн урамшуулал авна


2018-07-04 11:20:36
Зураг
Дорноговь /МОНЦАМЭ/.Элсэлтийн ерөнхий шалгалтад Сайншанд сумын ерөнхий боловсролын  хоёрдугаар сургуулийн  сурагч Л.Мөнхбаясгалан монгол хэлээр, Сайншанд сумын ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн сурагч Э.Түвшинцэнд математикаар, А.Буянтогтох нийгмийн шалгалтад 800 оноо авчээ.
Дээрх сурагчид  аймгийн Засаг даргын захирамжийн дагуу нэг сая төгрөгөөр шагнуулах болзол хангасан  бол сурагчдыг амжилт гаргахад бэлтгэсэн багш нар нь  500 мянган төгрөгөөр шагнуулах болзлыг хангалаа.
Учир нь  аймгийн Засаг даргын “Хөгжлийн төлөө хамтдаа” үйл ажиллагааны /2016-2020/ хөтөлбөр, аймгийн Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх, орон нутгийн онцлогт тохирсон оновчтой бодлогыг хэрэгжүүлэх замаар багшийг чадавхижуулах, багшийн тэргүүн туршлагыг түгээх, багшийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, мэргэжлээ зөв сонгох, сурагчдын сурлагын чанар, ур чадвар, амжилтыг ахиулах сургалтын тогтолцоо, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор аймгийн Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 04-ний захирамжаар элсэлтийн ерөнхий шалгалтад 800 оноо авсан сурагч, багш нарыг урамшуулах тухай  захирамжийг аймгийн Засаг дарга гаргасан юм.
Сурагч Л.Мөнхбаясгаланг багш Д.Мөнхчимэгийн, Э.Түвшинцэнд гавьяат багш Б.Бадарчийн шавь бол А.Буянтогтох  багш  нийгмийн ухааны багш н.Ганбаярын шавь ажээ.
 
Х.Эрдэнэбулган

Монгол брэнд