top banner

Азийн хотуудын төлөөлөгчид гамшгийн эрсдэлийг бууруулах асуудлаар зөвлөлдлөө


2018-07-05 11:54:21
Зураг
УЛААНБААТАР. НҮБ-ын “Аюулгүй, гамшигт тэсвэртэй хотуудыг бий болгох нь” санаачилгад Бангладеш улсын бүх 329 хот нэгдсэнээс хойш Ази-Номхон далайн бүс нутгийн 1000 гаруй хот уг хөтөлбөрийг дэмжин батлаад байна.   
 
Ази-Номхон далайн бүс нутагт дэлхийн хүн амын тал хувь нь амьдарч, дэлхийн хамгийн том 20 хотын 11 нь оршдог. 2008 онд тус бүс нутгийн хотуудын хүн амын тоо хөдөөгийн оршин суугчдын тооноос давсан байна.  
 
“Монгол Улс бол бүх хот, аймаг нь НҮБ-ын санаачилгад нэгдсэн Азийн анхны улс. Түүнчлэн улсынхаа хотуудад гамшгийн эрсдэлийг  бууруулахын ач холбогдлыг ойлгон үнэлж буй Бангладешийн засгийн газар томоохон алхам хийж чадсан” гэдгийг НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын дарга хатагтай Лоретта Хибер Жирарде өндрөөр үнэллээ. Тэрбээр Монголын нийслэл Улаанбаатар хотод болж буй Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн Сайд нарын Бага хуралд оролцож үг хэлсэн юм.  
 
Уг хурлын хүрээнд болсон семинарт Ази тивийн зургаан улсын хотуудын төлөөлөгчид, тодруулбал, Чилиакап хот /Индонез/, Дакка хот /Бангладеш/, Хониара хот /Соломоны арлууд/, Катманду хот /Непал/, Мауламине хот /Мьянмар/,  Улаанбаатар /Монгол/ хотын төлөөлөгчид оролцлоо. Семинарыг Европын Комиссын санхүүжилтээр хэрэгжүүлж буй хотуудын гамшигт тэсвэртэй байдлыг хангахад чиглэсэн 3 жилийн хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулжээ.  
 
Улаанбаатар хотын дарга С.Батболд семинарыг нээж хэлсэн үгэндээ “Хотуудыг гамшигт тэсвэртэй болгох” санаачилгад хамгийн түрүүнд нэгдсэн хотуудын нэг бол Улаанбаатар гэдгийг дурдаад, 2018 оны 4 дүгээр сард тус Санаачилгын дэмжлэгтэйгээр тус хотод гамшгийг тэсвэрлэх чадавхийн суурь үнэлгээг хийснийг онцоллоо.    
Бангладешийн Хотуудын форумын зөвлөх Мостафа Куайум Хан үг хэлэхдээ “Бангладешийн эдийн засгийн өсөлтийн хөдөлгүүр нь хотжилт болж байна. Өдгөө нийт хүн амын 30 хувь нь хотод амьдарч, улс орны эдийн засгийн 65 хувь нь хотуудаас хамаарч байна” гэлээ. Тэрбээр цааш нь хэлэхдээ “Бангладеш бол гамшигт маш өртөмтгий эмзэг улс учраас төв засгийн газрын зарим үүргийг  орон нутагт шилжүүлж, гамшгийг тэсвэрлэх чадавхийг бий болгох нь чухал байна” гэдгийг онцлон дурдав.  
НҮБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Биата Транкманн хэлэхдээ, Улаанбаатар хот нь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрт хамтран ажиллаж, хотын хөгжлийн төлөвлөгөөг Тогтвортой хөгжлийн зорилтуудад тусгагдсан Гамшигт тэсвэртэй хотуудын талаарх тусгай зорилттой уялдуулан зохицуулж байгааг сайшаалаа. 
Ази тивд гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгийн дараах сэргээн босголтын асуудлаар үйл ажиллагаа явуулдаг SEEDS төрийн бус байгууллагын Гүйцэтгэх захирал Ману Гупта ярихдаа “ихэнх хотууд эрсдэлийг бууруулахад зориулсан хөрөнгө мөнгөний эх үүсвэргүй байгаа нь томоохон асуудлуудын нэг мөн” гэдгийг анхааруулав.  
 
“Уур амьсгалын өөрчлөлтийн хотуудад үзүүлэх нөлөөг урьдчилан таамаглахын аргагүй болж байна. Үүнийг харин сүүлийн үед илүү сайн ойлгож эхэллээ. Сүүлийн 10 жилийн хугацаанд Жакарта, Мумбай, Бангкок, Манила зэрэг томоохон хотуудад урьд хожид үзэгдээгүй их үер болсон. Энэ нь хөрөнгө оруулалтыг хааш нь  чиглүүлэх вэ гэсэн сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэхэд хүргэсэн” гэдгийг ноён М.Гупта дурдлаа. 
 
Дашрамд хэлэхэд, одоогийн байдлаар дэлхийн 3883 хот НҮБ-ын “Аюулгүй, гамшигт тэсвэртэй хотуудыг бий болгох нь” санаачилгад нэгдээд байна. 
 
Эх сурвалж: https://www.unisdr.org/archive/59051
 
 
 
 
 
 

Монгол брэнд