top banner

“Согоот” багт үерийн ус зайлуулах хоолой суурилуулж байна


2018-07-05 13:14:41
Зураг
Орхон /МОНЦАМЭ/  Баян-Өндөр сумын Согоот” багт улсын төсвийн 450 сая төгрөгөөр 1400 гаруй метр урттай үерийн ус зайлуулах хоолойг суурилуулж эхэллээ. Барилгын ажил 40 хувийн гүйцэтгэлтэй байна.
Тус баг нам дор газар байрладаг бөгөөд хавар, зуны улиралд Баян-Өндөр уулнаас ус урсан ирж үерлэж орон сууцны зоорийн давхар, авто зам усаар дүүрч зорчих боломжгүй болдог. Ялангуяа 6 дугаар хорооллын 18,19 дүгээр байр, “Панда” худалдаа үйлчилгээний төвд их хэмжээний ус тогтдог. Үүнийг шийдэхийн тулд  үерийн ус зайлуулах хоолойг суурилуулж эхэлсэн байна.
Барилгын ажлыг Улаанбаатар хотын “Эм даблью ти” компани гүйцэтгэж байгаа бөгөөд Согоот багаас найман иргэнийг ажиллуулан түр ажлын байраар хангаж байна.
Уг компани нь Улаанбаатар хотын Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн усалгааны систем, Нарангийн голын үерийн хамгаалалт, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд үерийн ус зайлуулах хоолойг хийж байсан туршлагатай гэнэ.
 Б.Оюун-Эрдэнэ
 


Монгол брэнд