top banner

“Нүүдэлчин монгол-2018” соёлын биет бус өвийн улсын наадамд 15 авьастан оролцоно


2018-07-05 14:20:57
Зураг
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Соёлын биет бус өвийн их наадмын шалгаруулалт сум, аймаг гэсэн үе 2 шаттайгаар  өнгөрсөн сарын 18-30-нд зохион байгуулагдаж, 15 өвлөн уламжлагч ирэх наймдугаар сард болох наадмын сүүлчийн шатанд оролцох эрхтэй болжээ.

Их наадмын нэгдүгээр шатны  шалгаруулалтад Орхон, Шарын гол, Хонгор Дархан сумын 82 хүн, аймгийн буюу хоёрдугаар шатны шалгаруулалтад сумдаас шалгарсан шилдэг 35 ардын авьяастан оролцсон байна. 

Наадамд Соёлын биет бус өвийн /СББӨ/ 5 ай сав болох ерөөл магтаал, хөөмий, морины болон бөхийн цол дуудах, дэмбээ, айтыс, тагнай ташилт зэрэг аман өв, бэсрэг уртын болон ардын дуу, олон ястны бий биелгээ, домборын болон морин хуурын чуулга төрлүүпээр шалгаруулалт явагджээ.

Түүнчлэн СББӨ-ийн уламжлалт зан үйл, ёслол, баяр наадам, Байгалийн сав ертөнцийн тухай мэдлэг, арга ухааны ай савд хамаарах төрөл Казак үндэстний хурим, Ургийн баяр, уламжлалт мал эмчлэх зан үйл, мөн эмийн ургамал уламжлалт аргаар боловсруулах технологи, казак үэдэсний хувцас хэрэгсэл, гар урлалын хатгамал, уран зураг, уламжлалт адууны соёл, урианхай харвааны хэрэгсэл, модон сийлбэр, хайчилбар, авдар зэрэг гар урлалын бүтээлүүд зэргүүдийг шалгаруулах явцад өвлөн уламжлагчдын ур чадвар, гүйцэтгэл, авьяас билэгийн түвшин, өвийн язгуур чанар өвөрмөц байдлыг хадгалж уламжлуулсан байдлыг дүгнэснээс гадна нутаг дэвсгэртээ өөрийн төрөл зүйлийг сэргээн өвлүүлж үзүүлсэн, судалсан, сурталчилсан, шавь сургасан байдал зэргийг харгалзан дүгнэсэн ажээ. Наадмын төгсгөлд 5 ай савын хүрээнд шалгарсан аман өв  болон язгуур урлаг, гар урлал, уламжлалт баяр ёслол, арга технологуудыг шалгаруулж 15 өвлөн уламжлагчийг алт мөнгө, хүрэл медалиар шагнаж урамшуулжээ.

Наадмын хөндлөнгийн шинжээчээр МУСГЗ доктор, профессор Л.Дашням, ерөнхий шүүгчээр МУГЖ Дуучин Г.Алтанцэцэг, МУСГЗ Сэтгүүлч Ө.Рагчаасүрэн, БСУГ-ын мэргэжилтэн Г.Нарангэрэл нар ажиллажээ.

 
Л.Отгонбаатар
 


Монгол брэнд