top banner

Байгальд ээлтэй аялангаа нутгийн иргэдийг дэмжинэ гэв


2018-07-05 15:32:57
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НҮБ-ын дэргэдэх Даян дэлхийн байгаль хамгаалах сан, “Технож бизнес инкубатор төв” ТББ хамтран хэрэгжүүлж буй “Хөдөө гэр” 2018 төслийн нээлт өнөөдөр НҮБ-ын байранд боллоо.

Энэхүү төсөл нь Монголын уламжлалт нүүдлийн соёлыг дотоодын амрагч, гадаадын жуулчдад таниулах, түгээн дэлгэрүүлэх, хадгалж хамгаалах, байгаль орчинд ээлтэй аялал жуучлалыг дэмжих, төсөлд хамрагдсан нөхөрлөлийн малчдын орлогыг дэмжих зорилготой аж. 

Төслийг санаачлагч “Технож бизнес инкубатор төв” ТББ-ын захирал Г.Галаарийдий хэлэхдээ, “Сэлэнгэ, Хэнтий, Булган, Төв, Дундговь, Өвөрхангай аймгийн 35 нөхөрлөлийг хамруулж “Хөдөө гэр” төслийг хэрэгжүүлэх гэж байна. Өргөн уудам нутаг дэвсгэртэй хүн ам цөөтэй манай улсын хувьд байгаль орчноо хамгаалах аргуудын нэг нь нутгийн иргэдийн оролцоонд түшиглэсэн байгалийн нөөцийн хамтын менежментийг төлөвшүүлэх, нөхөрлөлийг урт хугацаанд тогтвортой ажиллах нөхцлийг бүрдүүлэх явдал юм. Нөхөрлөлүүд нь хүний хүчин зүйлтэй холбоотой байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг багасгах, өөрийн нутаг, байгалиа хамгаалах харуулын үүргийг сайн дураараа эрхлэн гүйцэтгэж байгаа юм.  Гэсэн хэдий ч одоогийн байдлаар ямар ч албан ёсны урамшуулал, цалин байхгүй. Тиймээс амрагч, жуулчид нутгийн иргэдийн бүтээсэн гар урлал, цагаан идээг худалдан авч, Монгол ахуйгаас суралцангаа малчдын гэрт хонож хандив мөнгө өгөх замаар тэдэнд орлого оруулна” гэв.
“Хөдөө гэр” төслийн зөвлөх Д.Мөнхтөмөр, “Монгол орон байгалийн үзэсгэлэнт болон түүхийн ховор нандин дурсгал бүхий газар элбэгтэй. Гэвч идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг жуулчны баазууд цөөн хэдэн үзэсгэлэнт газруудад өндөр үнээр үйлчилдэг. Харин “Хөдөө гэр” эко аялал нь амрагчдыг өртөг багатай аялангаа хөдөөний амьдралд суралцаж, түүх соёлын мэдлэг олгон, нутгийн иргэдийг дэмжиж буйгаараа бусдаас онцлогтой” гэв.
Б.Халиун

Гэрэл зургийг Н.Батбаяр


Монгол брэнд