top banner

Ослын үед нүүлгэн шилжүүлэх системийг амжилттай туршжээ


2018-07-05 16:03:00
Зураг
НЬЮ-ДЕЛИ. /РИА Новости/. Энэтхэгийн сансар судлалын байгууллага (ISRO) сансрын хөлгөөс нисэх багийг нүүлгэн шилжүүлэх системийг пүрэв гарагт амжилттай туршсан тухай РИА Новости агентлаг мэдээлэв.
 
“Сансрын хөлгөөс нисэх багийг нүүлгэн шилжүүлэх систем нь ослын механизм бөгөөд сансрын хөлгийн системүүд доголдсон тохиолдолд нисэх багийн байрладаг бүхээгийг сансрын нисэгчдийн хамт зөөгч пуужингаас хурдан холдуулж, аюулгүй зайд гаргах зориулалттай юм. Цуврал туршилтын эхний сорилтын үеэр хөөргөх талбайд осол тохиолдсон үед нисэх багийн бүхээгийг сансрын нисэгчдийн хамт аюулгүй гаргаж авах ажиллагааг гүйцэтгэсэн” гэж Энэтхэгийн сансар судлалын байгууллагаас тараасан мэдээнд тэмдэглэжээ.
 
Туршилт 4 минут 19 секунд үргэлжилсэн ба нисэх багийн бүхээг газраас 2700 метрийн өндөрт шидэгдэж, Бенгалийн булан дээгүүр нисч өнгөрөөд, Энэтхэгийн зүүн хэсэгт орших Шрихарикота арлаас гурван километрийн зайтай шүхрээр газардсан байна.
 
Энэтхэг улс нь сансар судлалын үндэсний хөтөлбөрөө 1947 оноос хойш хөгжүүлж байгаа ба сансар судлалын байгууллага нь уг хөтөлбөрийн хүрээнд янз бүрийн байгууллагын явуулж буй үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, пуужин болон сансрын техник бүтээх ажлыг хариуцдаг аж.
 
Лу.Батбаяр


Монгол брэнд