top banner

Улиастай Тосонцэнгэлийн 114 км хатуу хучилттай замын ажил 80 гаруй хувьтай байна


2018-07-06 22:57:07
Зураг

Завхан/МОНЦАМЭ/.Завханы Тосонцэнгэл Улиастай чиглэлийн 114 км хатуу хучилттай замын ажил 80 гаруй хувьтай байна. Энэхүү замын ажлыг Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрт аймгийн төвүүдийг нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар бүрэн холбож дуусгахаар тусгасны дагуу Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 114 км хатуу хучилттай авто замын ажлыг эхлүүлсэн ажээ.
Автозамын барилгын ажлын гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Шинжиан Бэйшин Роуд энд Бридж Групп” ХХК ажиллаж байгаа бол туслан гүйцэтгэгчээр дотоодын компаниуд ажиллаж байна. Энэхүү автозам 7 метрийн өргөнтэй, 5 см зузаан асфальтбетон хучилттай, хоёр талдаа 1.5 метрийн өргөн хайрган хөвөөтэй 3-р зэрэглэлийн авто зам болох юм байна. Монгол Улсын Засгийн газарт БНХАУ-ын Засгийн газраас олгосон хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр тавигдаж байгаа энэхүү автозам ашиглалтанд орсноор Завхан аймгийн ард иргэд тав тухтай, аюулгүй, түргэн шуурхай зорчих боломж бүрдэхээс гадна гадаад болон дотоодын аялагч жуулчдын тоо нэмэгдэж, орон нутгийн эдийн засагт дэмжлэг үзүүлэх чухал ач холбогдолтой ажээ.

Загастайн давааны замын далангийн ажил хийгдэж байна


Мөн Тосонцэнгэл Улиастай чиглэлийн энэхүү замын үргэлжлэл хэсэг болох Тарвагатайн нурууны хамгийн хүнд бэрхшээлтэй нөхцөлд тооцогдох Загастайн давааг дайран өнгөрөх 67 км хатуу хучилттай авто замын барилгын ажлыг дээрх хөнгөлөлттэй зээлийн авто замын салбараас хэмнэгдсэн хөрөнгөөр барьж байгуулж эхэлжээ. Энэхүү замын ажлыг БНХАУ-ын “СССС” ХХК гүйцэтгэх бөгөөд өнөөдрийн байдлаар далангийн ажил явагдаж байна. Мөн Тосонцэнгэл-Сонгино чиглэлийн 167 км хатуу хучилттай автозамын ажлыг БНХАУ-ын компани концессийн гэрээгээр гүйцэтгэхээр шийдвэрлэж, дөрөвдүгээр сараас замын ажил эхэлж өнөөдрийн байдлаар 20 гаруй хувьтай явагдаж байна. Энэхүү замыг 2019 оны аравдугаар сард ашиглалтанд оруулахаар төлөвлөжээ. Тэлмэн сумын Нуур багаас эхэлсэн энэхүү автозам ашиглалтанд орсноор Завхан аймгийн хойд чиглэлийн сумууд хатуу хучилттай авто замтай болох юм. Ийнхүү дээрхи замууд ашиглалтанд орсоноор 2018 онд Завхан аймаг Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар бүрэн холбогдох юм хэмээн албаныхан мэдээлэв.

Б.Мягмарсүрэн 



Монгол брэнд