top banner

Түгийн овооны хогийг дарж булах ажил наймдугаар сард дуусна


2018-07-08 13:09:06
Зураг
Өвөрхангай /МОНЦАМЭ/.  Арвайхээр хотын Түгийн овооны хогийн цэгийг ландфиллийн аргаар дарж булах үйл ажиллагаа 6 дугаар сарын 16-аас эхэлжээ.
38.1 га талбайд 60 жилийн турш хуримтлагдсан хур хогийн цэгийг  “Элемент” ХХК-иас хоёр сарын хугацаанд дарж булшлахаар ажил ид дундаа үргэлжилж байна. Цэвэрлэсэн талбайд техникийн нөхөн сэргээлт хийх ба цаашид гэр ахуйн болоод үйлдвэрийн хог хаягдлыг хаях 10 га талбайг бэлтгэх юм. “Арвайхээр ТҮГ”-аас ковш машиныг байнга ажиллуулж, ирсэн хогийг тухай бүрт булж байх аж. Ингэснээр дахиад 10 жилийн хог хаях нөөцтэй болно.
Арвайхээр хотод 40 гаруй мянган хүн бүр болон түр хугацаагаар оршин суудаг ба өдөрт 100 гаруй мянган тонн хогийг ангилан ялгалгүйгээр Түгийн овооны хогийн цэгт хаядаг. Энэ нь лавширсаар малын сэг зэм, шатсан хогийн үнэр үнэртэх, гал түймэр гарах зэргээр ойр орчмын баг, хороололд оршин суудаг айл өрхүүдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх нь зөрчигдөж байгаагаас удаа дараа санал, гомдол тавьж байв.
Уг асуудлыг шийдвэрлэхийн тулд орон нутгийн төсвөөс 89,5 сая төгрөгийг зарцуулж байгаа аж.
Б.Батчимэг

Монгол брэнд