top banner

Эмнэлгийн ажилтнууд үерт автсан айлуудын хашааг ариутгаж цэвэрлэв


2018-07-09 09:23:47
Зураг
Ховд/МОНЦАМЭ/ Ховд аймгийн БОЭТ-ийн мэргэжлийн ангийн ажилчид 2018 оны 07 дугаар сарын 05-нд  өөрийн хуваарьт тусгагдсаны дагуу үерт автсан айл өрхүүдэд туслаж Жаргалант сумын  Тахилт, Алаг толгой багт ажилласнаас гадна Жаргалант сумын Засаг дарга Ц. Ганданповронгийн үүрэг болгосноор засмал зам сэтэлснээс үүссэн үерийн усанд автсан Бугат багийн 20 айлын хашаанаас үерийн ус зайлуулж, суваг татаж, хашааны даамангуудыг шороогоор манах ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна. Энэ ажилд БОЭТ-өөс нийт 28 ажилтан, 3 машин 6 цагийн хугацаанд ажилласан байна. 
Энэ оны 07-р сарын 06-ны өдөр аймгийн Засаг даргын Тамгын газар, Баруун бүсийн төв Ховд аймгийн Онцгой байдлын газрын хамтарсан шийдвэрийн дагуу Бугат багийн Засаг дарга, нийгмийн ажилтантай хамтран тус багийн 10-р гудамжны 10 тоот, Бугат багийн 1-р гудамжны 1-32 тоот гудамжинд үерийн усанд нэрвэгдсэн айл өрхөд тусламж үзүүлж, гудамжны усыг зайлуулах арга хэмжээ авч ажиллажээ.
Мөн 07 дугаар сарын 08-ны өдрийн 11:30-16:30 цаг хүртэл нийт 20 хүн, 3 машинтайгаар 5 цагийн хугацаанд үерт автсан Жаргалант сумын Рашаант багийн иргэн Х.Базил, Д.Пүрэвсүрэн, С.Отгонхишиг, Б.Сарантуяа, Г.Баасанжаргал, Д.Отгонбилэг нарын таван айлын хашааны газрын хөрсийг цэвэрлэж ажилласан байна. Дайчилгаанд хамрагдан ажилласан ажилтнуудын хамгаалалтын хувцас, гар ариутгах, ам зайлах бодис, хувцас гутал, хүрзийг ариутгалын бодисоор шүршиж ариутгасан ба ажиллах хугацаандаа гэдэсний халдвараас сэргийлэх, гараа угаах, тогтоол усанд хүүхдүүдээ тоглуулахгүй байх талаар сургалт, сурталчилгаа хийж ажиллав.
Мөн байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас эд материалын болон сэтгэл санааны хохирол амссан зарим иргэдэд сэтгэлийн дэм үзүүлж ажилласан байна.
 
А.Бямбасүрэн


Монгол брэнд