top banner

Монгол-Монакогийн боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов


2018-07-09 10:16:09
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр энэ сарын 06-нд Монакогийн Хант улсын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны дэд сайд Изабель Розабрунеттог хүлээн авч уулзлаа. Уулзалтаар талууд шинжлэх ухааны салбарын гадаад хамтын ажиллагаа, хамтарсан төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар санал солилцов.

Уулзалтын эхэнд Монакогийн Хант улсын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны дэд сайд Изабель Розабрунетто Монгол-Монакогийн боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцох завшаан тохиож байгаад талархал илэрхийллээ. Тэрбээр хэлэхдээ, “2018-2020 онд олгох Монакогийн хөгжлийн тусламжийн хэмжээг 54 сая еврод хүргэх тооцоотой байгаа бөгөөд техникийн туслалцаа болон бэлэн санхүүжилтийн хэлбэрээр Буркино Фасо, Мали, Нигер, Сенегал, Өмнөд Африк, Бурунди, Мадагаскар, Ливан, Морокко, Мавритани, Тунис, Монгол зэрэг 12 улсад олгож байна” гэв.
БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр, Монгол Улсад хөгжлийн тусламж, туслалцаа үзүүлж байгаа явдалд талархал илэрхийлээд Монакогийн хөгжлийн тусламжийн санхүүжилтээр Монгол Улсад соёлын өвийг хамгаалах, археологи, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн оролцоог дэмжих чиглэлээр олон төслийг санхүүжүүлж байгаа нь хоёр улсын хамтын ажиллагаа хэр зэрэг найрсаг, оюунлаг түвшинд байгааг илтгэж байгаа юм. Салбар яамны зүгээс хамтын ажиллагааг бүхий л талаар дэмжин ажиллах болно” гээд цаашид хүүхэд, залуучуудад зориулсан “Science Museum” буюу шинжлэх ухааны музей байгуулах мөн Монголын Үндэсний Археологийн музей-судалгааны төв байгуулах төлөвлөгөөтэй байгаагаа хэлж дээрх төслүүд дээр Монакогийн Хант Улсын Засгийн газрын зүгээс дэмжлэг үзүүлэхийг хүслээ. Түүнчлэн соёл урлагийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд “Хулгайлсан эсвэл хууль бусаар экспортолсон соёлын эд зүйлсийн тухай” 1995 оны ЮНИДРУА-ийн конвенцид Монгол Улс 2018 ондоо багтаж нэгдэх зорилготой ажиллаж байгаа тул энэ ажлын хүрээнд өмнө хэрэгжүүлсэн Соёлын эд зүйлсийн хууль бус худалдаа, хил нэвтрүүлэхтэй тэмцэх төслийг үргэлжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж, харилцан санал солилцлоо. 
 
Монгол, Монако хоёр улсын соёлын өвийг хадгалж хамгаалах хамтын ажиллагаа 2006 онд  Монакогийн Засгийн газрын санхүүжилтээр ШУА-ийн  Түүх, археологийн хүрээлэн, Монакогийн Нэн эртний хүн судлалын музейтэй хамтран хүрэл ба төмөр зэвсгийн үеийн буган чулуун хөшөө, хиргисүүр, хадны зураг зэрэг дурсгалыг судлах археологийн төслөөр эхэлсэн юм. Улмаар хамтарсан археологийн судалгаа 2008 оноос Монгол Улсын Ерөнхийлөгч, Монакогийн Хан Хоёрдугаар Альберт нарын болон ЮНЕСКО-гийн ивээл дор хэрэгжих болсон. Хамтарсан төслийн хүрээнд Архангай аймгийн Их Тамир, Батцэнгэл сумдын нутаг Хойд Тамирын голын хөндийн чулуун зэвсгийн үеийн дурсгал, хүрэл, түрүү төмрийн үеийн түүхэнд холбогдох булш, хиргисүүр, хадны зураг, буган хөшөө, 2013 оноос Хайрхан, Эрдэнэмандал сумдын нутагт орших Гол модны Хүннүгийн язгууртны оршуулгын дурсгалт газарт суурин судалгааг хийж байна. Хамтарсан төслийн судлаачид 2014 онд Хойд Тамирын хөндийн хүрэл, түрүү төмрийн үеийн буган хөшөө бүхий цогцолбор дурсгалт газар болон Хүннүгийн язгууртны оршуулгын дурсгалт газар Гол модыг ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн урьдчилсан жагсаалтад бүртгүүлсэн нь Монголын эртний түүх, соёлын өвийг судлан шинжлэх, хамгаалах, сургалт сурталчилгаа зохион байгуулахад чухал хувь нэмэр оруулсан юм. Энэ төслөөр зогсохгүй соёлын өвийг хадгалж хамгаалах чиглэлээр тус улсын Засгийн газраас олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж ирснийг энд онцлох нь зүйтэй. 


Монгол брэнд