top banner

Сумын наадам гэрэл зургийн дуранд


2018-07-09 10:45:46
Зураг
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Их монгол Улс байгуулагдсаны 2227 жил, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Сэлэнгэ аймгийн Орхон сум үүсэн байгуулагдсаны 59 жилийн ойн баяр наадам энэ сарын 06, 07-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.
Сэлэнгэ аймгийн Орхон сумын баяр наадмын нээлт туг залах үйл ажиллагаагаар эхэллээ. Энэхүү ёслолд сумын ИТХ-ын дарга Х.Мөнхзул, Засаг дарга Г.Бат-Орхон, Засаг даргын орлогч Г.Баасансүрэн, ЗДТГ-ын дарга Ш.Ганчимэг болон урилгаар аймгийн алдарт уяач Д.Ганчулуун, Улсын мэргэн сур харваач н.Боролзой, Монгол Улсын сайн малчин Л.Баянмөнх, Төрийн захиргааны тэргүүний ажилтан В.Дэлгэрмаа, 2017 оны аймгийн шилдэг ногоочин С.Сүхбаатар, Тэргүүний ААН-ийн захирал Э.Эрдэнэбаяр, гар бөмбөгийн улсын аваргын алт, хүрэл медальт, 2017 оны аймгийн шилдэг сурагч Э.Энх-Амгалан нар оролцжээ.
Сумын баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд 64 бөх хүч үзэн барилдаж сумын заан Д.Лхагвадорж түрүүлж, залуу бөх Г.Мөнхбаяр үзүүрлэлээ. Наадмын үндэсний сурын харваанд Орхон сумын иргэн О.Болдбаатар түрүүлж, сумын мэргэн цол хүртэв. Үндэсний шагайн харвааны тэмцээний багийн харвааны төрөлд Орхон сумын “Алтан-Аргай” баг тэргүүллээ. Харин шагайн харвааны цуваа харваанд ахмад настан Б.Батмөнх түрүүлж, сумын мэргэн цол хүртэв. Сумын баяр наадмын азаргана насны хурдан хүлгүүдийг Төв аймгийн Жаргалант сумын иргэн Х.Бямбацогтын халтар зүсмийн морь, их насанд Сайхан сумын харьяат Ш.Бөхчулууны хар,  хурдан соёолонд Орхон сумын уяач Л.Баянмөнхийн хонгор, хязааланд Орхон сумын уяач н.Пүрэвдоржийн хул халзан, шүдлэнд Сайхан сумын Ц.Баярбаатарын хээр, дааган насны уралдаанд Орхон сумын уяач Ц.Эрдэнэсангийн хүрэн халзан тус тус магнайлжээ.
Сумын баяр наадмын цол олгох залуу бөхчүүдийн барилдаанд 32 бөх зодоглож Сайхан сумын харъяат Э.Хүслэн түрүүлж, сумын заан цолны болзол хангаж, Сант сумын харъяат н.Одонхүү үзүүрлэн нэмэн начин цолыг тус тус хүртлээ. Тус бөхийн барилдааныг Монгол буудай ХХК-ий захирал А.Бат-Орхон жил бүр ивээн тэтгэн явуулдаг аж. Мөн Өсвөрийн 7-10 насны хүүхдийн барилдаанд 16 бөх зодоглож Г.Батзориг түрүүлж, н.Болдбаатар үзүүрлэжээ. 11-14 насны өсвөрийн барилдаанд мөн 16 бөх зодоглож н.Ёндонсамбуу түрүүлж н.Золбоо үзүүрлэж хурд хүч уран мэхээ уралдууллаа. Өсвөрийн бөхийн барилдаанд Орхон сумын уугуул П.Эрдэнэбат ивээн тэтгэжээ.


























Ч.Отгонцэцэг

Монгол брэнд