top banner

Гэр цэцэрлэг ажиллуулж байна


2018-07-09 12:19:43
Зураг
Увс /МОНЦАМЭ/. Энэ хичээлийн жилийн төгсгөлд аймгийн 19 суманд 73 гэр цэцэрлэг ажиллаж, малчин өрхийн 1980 гаруй хүүхдийг гэр цэцэрлэгт хамруулж байна. Улаангом сумын Хоёрдугаар цэцэрлэгээс Улаан уулын дээд талд өнгөрсөн 5-р сарын 15-аас эхлэн гэр цэцэрлэгээ ажиллуулж, 2, 11-р багийн 30 гаруй хүүхдийг хоёр сар орчмын хугацаанд сургуулийн өмнөх боловсролд хамруулсан байна.
Ингэхдээ хүүхдүүдийг нар, ус, агаараар чийрэгжүүлэхээс гадна сүү цагаан идээг түлхүү хэрэглүүлж, биеийн дархлааг нь дэмжиж ажиллажээ.
“Манай цэцэрлэгээс хоёр гэр гаргаж Улаан уулын дээд талд гэр цэцэрлэг ажиллууллаа. Гэр цэцэрлэгт хамрагдсан хүүхдүүд агаар салхинд тоглож, сүү цагаан идээгээр голчлон хооллолоо. Өвлийн улиралд бага насны хүүхдүүд ханиад томуунд өртөх нь элбэг байдаг. Тэгвэл үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд зуны дэлгэр цагт нар, ус, агаараар чийрэгжүүлэн, сүү цагаан идээгээр хоолловол ханиад томуу тусах нь багасдаг” хэмээн Улаангом сумын Хоёрдугаар цэцэрлэгийн эрхлэгч Д.Тунгалаг хэллээ.
Б.Батхүү

Монгол брэнд