top banner

Он гарсаар 336 ахмад амарч сувилуулжээ


2018-07-09 12:20:05
Зураг
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн Хөдөлмөр, Халамжийн Үйлчилгээний Газрын дэргэдэх ахмадын амралтад энэ он гарсаар тус аймгийн 18 сумын 336 ахмад настанг 18 ээлжээр амраасан байна. Тэднийг тус аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны 28 дугаар тогтоолын дагуу ор хоногийн төлбөр болох 210 мянган төгрөгөөс халамжийн сангаас 178 мянган төгрөгийн хөнгөлөлт эдлүүлж, үлдсэнийг нь иргэн өөрөө төлж амарч байгаа юм. 

Амрагч бүрийн биеийн байдалд тохирсон уламжлалт бариа засал, төөнүүр, шивүүр, зөгийн балтай татлага, бумба тавих, сүүн болон тосон бүтэн биеийн бариа, толгойн бариа зэрэг эмчилгээг нарийн мэргэжлийн эмчийн зааврын дагуу тус сувиллын газрын бариа заслын сувилагч нар хийж байна. Эмчилгээ сувилгааны үед чийрэгжүүлэлтийн танхимд өдөр бүр цагийн хуваарийн дагуу биеийн тамирын дасгал хөдөлгөөн хийлгэн хичээллүүлэхээс гадна нөхөн сэргээх эмчилгээний дасгалуудыг тусгай тоног төхөөрөмж дээр хийлгэдэг гэнэ. Түүнчлэн чөлөөт цагаар нь теннис, шатар, биллъярд тоглуулан, дуулж бүжиглэх ая тухтай орчин нөхцөлийг нь бүрдүүлжээ. 
Э.Нарангэрэл

Монгол брэнд