top banner

Өмнөговийн Гурван сайхан уулын орчимд хорио цээрийн дэглэм тогтоолоо


2018-07-09 12:30:19
Зураг
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Гурвансайхан уулын Дундсайхан, Зүүнсайхан уулын бүс нутгаар галзуу өвчний тархалт эрчимжиж байгаа тул хорио цээрийн дэглэм тогтоожээ. Хорио цээрийн дэглэмийг Баяндалай сумын Баян багийн нутаг Дундсайхны ар, Зүүн сайхан уулын Дүнгэнээ орчмын бүс нутагт 14 хоногийн хугацаатай 7 дугаар сарын 8-ний өдрөөс эхлэн тогтоогоод байна.
Энэ сарын 7-8-нд шилжих шөнө Баяндалай сумын нутаг галзуу чоно хүн болон тэр хавийн айлуудын малыг хазсан тохиолдол гарсан байна. Одоогоор чононд хазуулсан хүний биеийн байдал сайнгүй байгаа бөгөөд харин ноцуулсан малыг устгалд оруулсан байна. Галзуу чоныг олоогүй байгаа аж.
Түүнчлэн Гурвансайхан ууланд аялал зугаалгаар явсан хүмүүс рүү галзуу мануул дайрч хүн хазсан тохиолдол гарсан байна. Иймд аялал зугаалга отор нүүдлээр энэ бүс нутгаар явахгүй, ирэхгүй байхыг анхааруулж байна.
Мөн хонь малд болон, орой үдшийн цагаар явахдаа анхаарал болгоомжтой явж сэжиг бүхий чоно, үнэг, мануул зэрэг араатан амьтан таарсан илэрсэн, үед боломжтой бол устгах, яаралтай аймаг, сумын Онцгой комисст мэдээлэх арга хэмжээ авахыг иргэддээ анхааруулж байна.
Тус аймгийн ХХААГ-аас мэдээлж байгаагаар мөн шөнө Сэврэй сумын нутаг галзуу чоно нэг айлын мал руу орсон тул хазуулсан малуудыг устгасан гэлээ. Мөн тухайн бүс нутагт галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилга хийж байгаа аж. 
Д.Мишигсүрэн

Монгол брэнд