top banner

Төрийн одон медалиар 40 гаруй хүн шагнууллаа


2018-07-09 12:46:37
Зураг
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ойн үндэсний их баяр наадмыг тохиолдуулан эрхэлсэн  ажилдаа үр бүтээлтэй ажилласан, ажиллаж буй хүмүүсийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн одон медалиар шагналаа.
Шагналыг өнөөдөр аймгийн удирдлагууд гардуулан өгсөн ба Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор 7, Цэргийн гавъяаны одонгоор 1, Алтангадас одонгоор 27, Хөдөлмөрийн хүндэт медалиар 10 иргэн энгэр мялаасан юм.
Цэргийн гавъяаны одонт, Бэлтгэл дэд хурандаа Ц.Төмөр-Очир:
- Би Монгол Улсын Зэвсэгт хүчинд 34 жил ажилласан. Түүнээс аймгийн ЗДТГ-ын Иргэний хамгаалалтын офицер, даргаар 12 жил ажиллалаа. Өнөөдөр Өвөрхангай аймгийн Улаанзагалмайн хороонд Гамшгийн асуудал хариуцан ажиллаж байна.
Мөн ажлынхаа цаг заваар аймгийн “Цэргийн штабын түүх”, “Өвөрхангай аймагт тохиолдсон гамшгийн сургамж” гэсэн номуудыг бичиж байна. Удахгүй уншигчдын хүртээл болно.
Өнөөдөр төр засгаас надад өгч буй “Цэргийн гавъяаны одон” цаашдын ажил хөдөлмөрт маань их эрч хүч, урам зоригийг нэмлээ.
Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонт, Хужирт сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга Д.Төмөр:
- Миний бие улсад 37 жил ажилласан. Зүүнбаян-Улаан суманд 8 жил, Хужирт суманд 29 жил боловсрол, төрийн захиргааны байгууллагад ажиллалаа. Сумын ИТХ-ын даргаар 12 жил, Нарийн бичгийн даргаар 16 жил алба хашиж байна.
Ардын хувьсгалын их ойгоор төр засгаараа хөдөлмөр бүтээлээ үнэлүүлж байгаадаа туйлын баяртай байна. Аймгийнхаа нийт иргэд, түүний дотор Хужирт сумынхаа иргэдэд баяр наадмын мэнд хүргэе.
Б.Батчимэг

Монгол брэнд