top banner

Наадмаар өрхийн эрүүл мэндийн төвүүд ажиллана


2018-07-09 15:15:11
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний их баяр наадмын өдрүүдэд буюу энэ сарын 11-16-нд өрхийн эрүүл мэндийн төвүүд 10.00-15.00 цаг хүртэл ажиллана гэж ЭМЯ-наас мэдээллээ.

Энэ талаар ЭМЯ-ны  олон нийттэй харилцах тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл хэлэхдээ, “Үндэсний баяр наадмын өдрүүдэд ЭМЯ болон бусад салбар эмнэлгүүд бэлэн байдалд Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу ЭМЯ-нд 24 цагийн жижүүр, дүүргүүдийн өрхийн эмнэлгүүд энэ сарын 11-16-ны өдрүүдэд 10.00-15.00 цаг хүртэл ажиллана. Мөн Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт яаралтай тусламжийн баг ажиллана. Олон хоног үргэлжилсэн баярын өдрүүдэд эрүүл мэндийн эрсдэл гаргахгүйн төлөө ажиллаж байна” гэв.
Мөн тэрбээр наадмын өдрүүдэд иргэд хоолны хордлогоос урьдчилан сэргийлэх, баталгаатай хүнсийг сонгож, хадгалалтад анхаарахыг зөвлөлөө. Наадмын хуушуур, ундааг баталгаатай газраас худалдан авч, халуун хуушуурны араас хүйтэн ундаа, айраг уухгүй байх хэрэгтэй. Амралт зугаалгын цаг эхэлж байгаатай холбоотой эцэг эхчүүд хүүхдэдээ тавих анхаарал халамжаа сайжруулах шаардлагатай байна.
Хэд хоногийн өмнө голын эрэг дагуу зугаалж яваад, хөзөр тоглож байх үед нь хүүхэд нь голд эндсэн харамсалтай хэрэг гарсан. Тиймээс эцэг эхчүүд наадмын өдрүүдэд хур бороотой байх урьдчилсан төлөв байгааг анхаарах нь зүйтэй. Түүнчлэн автомашинд хүний тоог хэтрүүлсэн, хүүхдийг зориулалтын бус суудалд тээвэрлэсэн зэргээс үүдэн авто осол гарч хүүхдийн эрүүл мэнд, амь нас хохирч байгааг анхаарах хэрэгтэй гэдгийг хэллээ.

Иргэдийн санал, гомдлыг 24 цагийн турш 323002 дугаарын утсаар хүлээн авах аж.
Ж.Болор

Гэрэл зургийг Н.Батбаяр


Монгол брэнд