top banner

Үерийн гамшигтай холбогдуулан Ш.Абэ гадаад айлчлалуудаа цуцалжээ


2018-07-09 16:24:40
Зураг
ТОКИО. /РИА Новости/. Япон улсад үер бууж, газрын хөрс нурсны улмаас амиа алдсан хүмүүсийн тоо өссөөр байна. Иймээс тус улсын Ерөнхий сайд Шинзо Абэ Европ болон Ойрхи Дорнодын орнуудад хийхээр төлөвлөсөн айлчлалуудаа цуцалсан тухай Японы хэвлэлүүд мэдээлж байна.

Телевизийн NHK сувгийн мэдээлснээр, 109 хүн амиа алдаж, 79 хүн сураггүй алга болжээ. 

Өмнө нь мэдээлснээр, Ш.Абэ Брюссельд очиж, Европын Холбоотой байгуулах Чөлөөт худалдааны гэрээнд гарын үсэг зурахаас гадна Франц, Саудын Арави, Египетэд айлчлах гэж байжээ. Одоо тэрбээр үерийн гамшигт нэрвэгдсэн Японы баруун бүс нутгуудад очих гэж байна. 

Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр Япон улсын төв болон баруун өмнөд нутгаар хүчтэй аадар бороо орсон байна. Ням гарагийн өглөө Гифу мужид 1050 мм, Эхимэ мужид 745 мм, Киото мужид 465 мм, Хирошимад 442 мм, Хёго мужид 430 мм хур тунадас оржээ. Окаяма мужийн зарим дүүрэгт байшингууд 2 дугаар давхар хүртлээ усанд автсан байна. Энэ нь сард унах хур тунадасны хэмжээнээс 2-3 дахин давсан гэсэн үг юм.
 
Э.Аянзаяа


Монгол брэнд