top banner

“Багийн хөгжлийн төв”-ийн барилгын шав тавилаа


2018-07-10 00:50:33
Зураг
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан сумын 15 дугаар багт “Багийн хөгжлийн төв”-ийн барилгын шав тавих ёслол энэ сарын 9-нд боллоо. Улсын төсвийн 600 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Дархан сумын 15 дугаар багт төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, ахмад, залуучуудын хөгжлийн төв бүхий багийн төв барьж энэ ондоо багтаан ашиглалтад оруулахаар ийнхүү эхлүүллээ.

Эдийн засгийн хүнд цаг үеийг улс орон даяар туулж байгаа хэдий ч Дархан-Уул аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Жавхлан болон Дархан-Уул аймгийн удирдлагууд ард иргэд рүүгээ чиглэсэн бүтээн байгуулалтын ажлуудыг хэрэгжүүлэх бодлогыг баримтлан ажиллаж байгаагийн дүнд төрийн үйлчилгээг иргэдэд хүргэдэг хамгийн анхан шатны нэгж буюу багийн төвийн үйл ажиллагааг эрчимжүүлж, үйлчлэх цар хүрээ, орчин нөхцлийг сайжруулах зорилгоор ийнхүү багийн төвийн барилгын шавийг тавилаа.

Багийн хөгжлийн төв зөвхөн Дархан сумын 15 дугаар багт баригдах бус Дархан сумын 11,12,13,14,15 дугаар багийг хамарсан 3 хэсэг байрлалд баригдана. Тус гурван хэсэг газрын барилгын ажлыг “СБМ” ХХК нийт 1,4 тэрбум төгрөгийг өртгөөр гүйцэтгэхээр болсон аж.

Олон жил яригдсан энэхүү багийн төвүүдийн барилгын ажил 2018, 2019 онуудад баригдаж бүрэн ашиглалтад орох юм. Ингэснээр Дарханчууд ая тухтай тохилог орчинд төрийн үйлчилгээний анхан шатны үйлчилгээг түргэн шуурхай авах нөхцөл бүрдэнэ.

Эдгээр багийн төвүүд одоогоор орон сууцны нэг давхарт байрлаж төрийн анхан шатны үйлчилгээг үзүүлж байгаа юм.
Тус арга хэмжээнд УИХ-ын гишүүн Б.Жавхлан, Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, засаг дарга С.Насанбат болон аймаг орон нутгийн удирдлагууд болон иргэдийн төлөөлөл оролцлоо.
 
Л.Отгонбаатар


Монгол брэнд