top banner

Энэ жил зургаан эмнэлгийн гадна талбайг бүрэн тохижуулна


2018-07-10 09:23:24
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эмнэлгүүдийн тохижилтын ажил ямар шатандаа явж байгаа талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр нар газар дээр нь очиж танилцлаа.
 
Эмнэлэгт үйлчлүүлэхээр ирсэн иргэд, үйлчлүүлэгчийн ар гэрийнхэн хүссэн газраа машин байрлуулах,  суух сандал зэрэг дутагдалтай. Мөн эмнэлгүүдийн орц гарцны хүрэлцээ муу байдгаас түгжрэл үүсэх, түргэн тусламжийн автомашин орох зогсоолгүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан зам байхгүй гэхчлэн асуудал их. Энэ байдлыг арилгах үүднээс эмнэлгүүдийн гаднах талбайг засах, тохижуулах ажил хийж байгаа юм.
 
Энэ жил ЭХЭМҮТ, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг, ХӨСҮТ, Өргөө, Хүрээ  амаржих газар зэрэг нийт зургаан эмнэлгийн гадна талбайг иж бүрэн тохижуулж байгаа бөгөөд зарим нэг эмнэлгийн тохижилтын ажил энэ сард бүрэн дуусах юм. Тухайлбал Монгол Улсдаа эх, хүүхдэд төрөлжсөн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг  ЭХЭМҮТ-ийн гадна талбайд 1,3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийж байна.
Энэхүү ажлын хүрээнд нийт 15.900 м.кв талбайд тохижилтын ажил явагдаж байгаа бөгөөд 5900м.кв талбайг шинээр тохижуулан, 2500 м.кв ногоон байгууламжийг байгуулж, 2260 м.кв явган хүний зам, 108  автомашины зогсоол, нисдэг тэрэгний зогсоолыг байгуулж байна.
2017 онд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас П.Н.Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар эмнэлэг, ГССҮТ, ХСҮТ, Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн гадна тохижилтын ажлыг хийж, зам талбайг нэмэгдүүлж усан оргилуур, ногоон байгууламж, гэрэлтүүлэг зэргийг цогцоор нь хийж гүйцэтгэсэн юм.


Монгол брэнд