top banner

Шүлхий өвчний гаралт, тархалтыг зогсоож, хяналтдаа авлаа


2018-07-10 10:35:53
Зураг
Архангай /МОНЦАМЭ/. Улсын Онцгой комиссоос шуурхай бүлэг Архангайд ажилласнаар шүлхий өвчин бүртгэгдсэн сумдад хорио цээрийн дэглэм тогтоох, хяналт, халдваргүйжүүлэлтийн цэгийг оновчтой байршуулах, вакцинжуулалт, халдваргүйжүүлэлт, угаалгын арга хэмжээг богино хугацаанд шуурхай хэрэгжүүлсний үр дүнд шүлхий өвчний гаралт, тархалтыг зогсоож, хяналтандаа авч чаджээ.

Улсын Онцгой комиссын шуурхай бүлэг Архангай аймагт 6-р сарын 26-наас 7-р сарын 8 хүртэл хугацаанд ажиллаад, ажлын тайлангаа танилцуулж аймгийн Онцгой комиссыг хуралдууллаа. Мөн аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга, аймгийн Мал эмнэлгийн албаны дарга, сумын Засаг дарга, Онцгой комиссын дарга нарт тус тусд нь тодорхой үүрэг чиглэл өгсөн юм. Түүнчлэн халдварын тархалтыг бууруулах зорилгоор Хашаат, Хотонт, Цэнхэр сумдад Баянхонгор, Булган, Өвөрхангай аймгуудтай хил залгаа сумаас эхлэн гаднаас дотогш чиглэлтэйгээр вакцинжуулалтын арга хэмжээг хэрэгжүүлсэн байна. 

Архангай аймгийн шүлхий өвчний голомт бүхий 7 суманд Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 5, аймгийн мэргэжлийн хяналтын газраас 7 улсын байцаагч, нийт 12 улсын байцаагч шүлхий өвчнөөс сэргийлэх тарилга, халдваргүйжүүлэлт, малын эрүүл мэндийн үзлэг, угаалгын арга хэмжээнд хяналт тавин ажиллаж, 100 зөрчлийг илрүүлж, 71 хувийг газар дээр нь арилгуулж, хорио цээрийн дэглэм зөрчсөн нийт 33 иргэнд Зөрчлийн тухай хуулиар 4.950.000 төгрөгийн торгууль ногдуулж барагдуулсан байна.

Цаашид өвчин гарсан сумын хорио цээрийн дэглэмийг цуцлахдаа бусад сумын нөхцөл байдалтай уялдуулан шийдвэр гаргах, шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгад малаа хамруулахаас татгалзсан малчны мал нь өвчилсөн тохиолдолд нөхөн олговор олгохгүй байх, гэм буруутай этгээдээр гарсан зардлыг нөхөн төлүүлэх, эрх бүхий байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэр, эрх зүйн актыг хэрэгжүүлээгүй аймаг, сумын Засаг дарга, холбогдох албан тушаалтан, мэргэжилтэн, малчдад хариуцлага тооцох, шүлхий өвчний голомтын бүс болон ариутгал халдваргүйтгэл, хяналтын цэгт удаан хугацаагаар ажилласан төрийн албан хаагч болон иргэдийн эрүүл мэндийг нөхөн сэргээх арга хэмжээ авах, Архангай аймгийн Онцгой байдлын газарт Шуурхай удирдлагын төв байгуулахад хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлэх зэргийг хэрэгжүүлж ажиллахыг чиглэл болголоо.
Б.Гэрэлт-Од

Монгол брэнд