top banner

Ирэх жилээс наадмын нээлтийг хоёр удаа зохион байгуулна


2018-07-10 19:37:30
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Жуулчдад зориулан баяр наадмын нээлтийг хоёр удаа зохион байгуулж байх талаар БОАЖЯ-наас тавьсан саналыг нийслэлийн удирдлага хүлээн аваад байна.
Манай улсын Үндэсний их баяр наадмыг үзэхээр гадаадын улсуудаас 11 мянган жуулчин ирдэг байна. Гэтэл тэдний дөнгөж 2500 гаруй нь баяр наадмын нээлтийг үздэг гэсэн судалгаа гарчээ. Үлдсэн жуулчид нь тасалбар дууссан гэсэн шалтгаанаар Төв цэнгэлдэх хүрээлэнг тойрч явахаас хэтэрдэггүй, өөр зүйл үзэж харж чаддаггүй байна. Тиймээс БОАЖЯ-наас наадмын нээлтийг ирэх жилээс хоёр удаа зохион байгуулж байх саналыг нийслэлийн удирдлагад тавиад байна. Эхний нээлтийг Монгол түмэндээ, харин хоёр дахийг гадаадын жуулчдад зориулан зохион байгуулж байх юм. Саналыг нийслэлийн удирдлагын зүгээс хүлээн авсан тул ирэх жилээс эхлэн дээрх зарчмаар явах болсныг БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлогын газрын дарга С.Баясгалан хэлж байна.

Тэрээр хэлэхдээ, “Манай улсын аялал жуулчлалын ид оргил улирал нь долдугаар сар байдаг бөгөөд энэ сард манай улсад ирж буй жуулчдаас аль болох эдийн засгийн үр өгөөжийг авах учиртай. Баяр наадмын үеэр манай улсад 10 мянга гаруй жуулчин ирдэг, нэг жуулчин манайд дунджаар 1500 ам.доллар зарцуулж үлдээдэг гэдэг тооцоогоор бодоход нэлээд хэмжээний валютын орлого олох боломжтой байгаа юм. Саналын тухайд энэ жилийн хувьд төлөвлөгдөөгүй гэдгээр дараа жилээс төсөвт тусган зохион байгуулахаар болоод байна” гэв.
Б.Болд

Монгол брэнд