top banner

“Ажилсаг Монгол” хөтөлбөрийн хүрээнд хүнсний үйлдвэрлэлийн лаборатори байгуулав


2018-07-11 07:48:02
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Монгол Улсын Тогтвортой Хөгжлийн үзэл баримтлал 2030”-ын зорилтод иргэдийг мэргэжлийн сургалтад хамруулан тогтвортой ажил, хөдөлмөр эрхлэлтийг дэмжихээр тодорхойлсон байдаг. Төрийн бодлогоор мэргэшсэн боловсон хүчнийг дотооддоо бэлтгэж улмаар аж үйлдвэр өндөр хөгжсөн орнуудад илгээн дадлагажуулж, дотоодын хөдөлмөрийн зах зээл дээрх өндөр ур чадвар бүхий ажиллах хүчний эрэлт, хэрэгцээг хангаж, эдийн засгийн хөгжлийн тулгуур салбаруудыг хөгжүүлэх зорилтын хүрээнд “Ажилсаг Монгол” хөтөлбөрийг УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва санаачилсан билээ.
 
Тус хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны болон Эдийн засгийн байнгын хорооноос хамтарсан ажлын хэсгийг байгуулж, ахлагчаар нь УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагвыг томилсон юм.
 
“Ажилсаг Монгол” хөтөлбөрийн хүрээнд Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн үйл ажиллагааг чадавхжуулах, олон улсын түвшинд өрсөлдөхүйц мэдлэг, ур чадвартай боловсон хүчнийг бэлтгэн гаргах зорилтыг дэвшүүлээд байгаа аж.
 
УИХ-ын гишүүн, “Ажилсаг Монгол” хөтөлбөрийн санаачлагч Д.Тэрбишдагва өнөөдөр (2018.07.10) БНСУ-ын Мёнжан мэргэжлийн ур чадварын холбоо болон Хүнс, технологийн политехник коллежийн хооронд байгуулсан санамж бичгийн хүрээнд шинээр байгуулагдаж буй Талх, нарийн боовны мэргэжлийн лабораторийн нээлтийн үйл ажиллагаанд оролцов.

Уг лаборатори нь “Ажилсаг Монгол” хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй эхний томоохон ажлуудын нэг бөгөөд талх, нарийн боов бэлтгэхэд зориулагдсан орчин үеийн 15 нэр төрлийн 700 сая орчим төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмжийг суурилуулсан байна.
 
УИХ-ын гишүүн, “Ажилсаг Монгол” хөтөлбөрийн санаачлагч Д.Тэрбишдагва хэлсэн үгэндээ, “Ажилсаг Монгол” хөтөлбөрийг ойлгуулах, суурийг нь тавих үүднээс бид гурван жилийн өмнөөс олон улсын хөдөлмөрийн зах зээлийг судалж үзээд хамгийн гол цөм нь өндөр түвшний мэргэлжлийн ажилтны эрэгт хэрэгцээг хангах хэрэгтэй юм байна гэдгийг мэдсэн. Ингэхийн тулд хүн бүр ажилтай байх хэрэгтэй. Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүдийг хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр хангах нь мэргэжлийн чадварлаг боловсон хүчин бэлтгэн гаргахад чухал ач холбогдолтой. Хуучирсан тоног төхөөрөмж, технологиор суралцсан хүүхдүүд эргээд зах зээл дээр гологддог. Германд нарийн мэргэжлийн 320 мэргэжил байдаг. Харин Монголд одоогоор 30-аадхан мэргэжлийг сургаж байна. Мэргэжил бүхэн сайхан гэдэгтэй адил мэргэжлийн нарийн боловсон хүчин бэлтгэх ёстой. Гэхдээ бид цаашдаа үйлдвэрлэлээ хөгжүүлье гэвэл хүнээ хөгжүүлэх нь амин чухал хөшүүрэг юм. Хэчнээн үнэтэй, орчин үеийн тоног төхөөрөмж, технологи нэвтрүүлээд түүн дээр ажиллаж чадах боловсон хүчингүй бол тэр техникүүд зэвэнд идэгдэж, тоосонд дарагдаж, ид шидийг үзэж чадахгүй өнгөрнө. Бид 20 гаруй жил жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлье гэж тусламж, хөнгөлөлттэй зээл өгсөөр л ирлээ. Гэвч ахиц тааруухан байна. Тиймээс л миний бие үйлдвэрлэлээ хөгжүүлье гэвэл хөдөлгөгч хүч болсон боловсон хүчнээ төр бодлогоор бэлтгэе гээд байгаа юм. Нүдээрээ харж, гараараа хийж, технологи, ноу хау сурсан хүн Монголдоо ирээд зүгээр суухгүй. Тэд харин харснаа, мэдснээ, сурснаа, бодсноо хэрэгжүүлнэ. Энэхүү дэлхийн хэмжээний хүнсний технологийн тоног төхөөрөмжтэй талх, нарийн боов үйлдвэрлэлийн сургалт явуулах иж бүрэн лабораторийг БНСУ-ын Инженерүүдийн нэгдсэн холбоо болон  Мэргэжлийн ур чадварын холбооноос анхны суурилуулалтаас нь эхлээд дадлагажуулах сургалт хүртэлх үйл ажиллагааг нь хариуцан ажиллаж байгаад талархалтай байна. Мөн Монголд байхгүй байсан  зарим тоног төхөөрөмжийг нэвтрүүлсэн байна.  Энэхүү ажлыг эхлүүлэхэд гүн туслалцаа үзүүлсэн БНСУ-ын Хөдөлмөрийн сайд Ким Ён Жун болон тус яамны хамт олонд, эдгээр мэргэжлийн холбоодын удирдлагуудад талархал илэрхийлье” гэв.
 
Хүнс, технологийн политехник коллеж 1100 орчим суралцагчидтай бгөөд 100 орчим нь талх, нарийн боовны үйлдвэрлэлийн чиглэлээр суралцдаг байна. Мэргэжилтэй ажилтнаас магистрийн зэрэг олгох хүртэлх шаталсан сургалт явуулдаг тус коллежийн энэхүү дадлагын лаборатори ашиглалтад орсноор хот, хөдөөгийн 14 мэргэжил сургалтын төвүүдийн багш, суралцагчдыг мэргэшүүлэх, мэргэжил дээшлүүлэх, үйлдвэрлэлийн болон зах зээлийн эрэлттэй нийцсэн технологийг эзэмшүүлнэ. Энэ сарын сүүлээр БНСУ-аас багш нар ирж сургалт явуулахаар болсон гэдгийг тус коллежийн захирал Б.Бат-Эрдэнэ онцлов.
 
“Ажилсаг Монгол” хөтөлбөрийн зорилго нь 2030 он хүртэл монгол хүний хөдөлмөрийн чадавхийг нэмэгдүүлж, олон улсын түвшинд өрсөлдөх чадвартай мэргэшсэн ажиллах хүчин, мэргэжлийн боловсон хүчин, эрдэмтэн судлаачдыг олноор бий болгох аж.
 
2030 онд гэхэд 20000-30000 мэргэжилтэй ажилтан, жижиг, дунд үйлдвэрийн эзэд, 5000 нарийн мэргэжлийн, дэлхийд өрсөлдөх чадвартай инженер, мэргэжилтнүүд  бэлтгэх зорилт тавьж байгаа.
 
Уг нээлтийн үйл ажиллагаанд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр, тус яамны Мэргэжлийн боловсрол, сургалтын хэлтсийн дарга А.Халиунаа, БНСУ-ын Мёнжан мэргэжлийн ур чадварын холбооны ерөнхийлөгч Ким Тае Ин, Хүнс, технологийн политехник коллежийн захирал Б.Бат-Эрдэнэ болон албаны бусад хүмүүс байлцав гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
 

Монгол брэнд