top banner

Баян суманд мах боловсруулах үйлдвэрийн шав тавилаа


2018-07-11 09:10:47
Зураг
Төв /МОНЦАМЭ/. “Монгол малчин” хөтөлбөрийн хүрээнд БНХАУ-ын хөрөнгө оруулалтаар Төв аймгийн Баян сумын нутагт олон улсын стандартын шаардлага хангасан, байгаль орчинд ээлтэй техник технологид суурилсан, жилдээ нэг сая хонин толгой мал нядлах, боловсруулах хүчин чадал бүхий “Мах боловсруулах цогцолбор үйлдвэр”-ийн шавыг өнгөрсөн амралтын өдөр тавилаа.

Ёслолын ажиллагаанд аймгийн Засаг дарга Ж.Батжаргал, УИХ-ын даргын Хууль зүйн бодлогын зөвлөх Р.Болд, “Төв-Эрдэнэс” ОНӨААТҮГ-ын захирал А.Идэрпүрэв, Өвөр Монголын “Ай Жю И” группын ТУЗөвлөлийн дарга Ма Юан Пэн, “Төв Жиу Ей” мал тариалангийн био шинжлэх ухаан техник ХХК-нийн Ерөнхий захирал Ши Тай Пин тэргүүтэй албаны хүмүүс, иргэд оролцлоо.

Тус үйлдвэр нь малын гаралтай түүхий эд болох мах, арьс шир, цус, яс, дотор гэдэс зэргийг бүрэн боловсруулах бөгөөд барилгын ажлыг 3,5 жилийн хугацаанд багтаан ашиглалтад оруулж, орон нутгийн иргэдийг ажлын байраар хангах, малчдаас малыг зах зээлийн үнээс өндөр үнээр тогтвортой худалдан авч байхаар гэрээнд тусгагдсан байна.

Аймгийн Засаг дарга Ж.Батжаргал “Энэхүү үйлдвэр бол 100 хувь гаднын хөрөнгө оруулалттай биш Төв аймгийнхан тус үйлдвэрийн 30 хувийг эзэмших, түүнээс хувь хүртэх гэрээ байгуулсан” гэдгийг онцолсон юм.

Т.Есүхэйтөмөр

Монгол брэнд